Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.
- Ханиалга намдаах хоргүй зөөлөн эм (аньсны ханд, читамон, чигатусин зэрэг) уулгаарай.
- Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
- Хамар битүү бол цэвэрлээрэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулж, зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
- Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
- Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх ба хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ заавал асуугаарай.
- Хүүхдийг өвчилсөн үед сайн хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
- Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
- Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч асарч сувилаарай.
МӨН ДАРААХ ШИНЖИЙГ АЖИГЛААРАЙ.
- Хүүхэд амьсгалж чадахгүй, амьсгаадаад байх
- Хүүхэд нойрмоглох, сэрээхэд хэцүү, эсвэл сэрэхгүй байх
- Хүүхэд бөөлжих
- Шингэн уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
- Халууныг 6 цаг тутам хэмжих, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу эм уулгах хэрэгтэй.
- Зөвхөн хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
- Танай гэр төвөөс хол зайтай бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх нь хугацаа алдахгүй тусламж авахад тустай.
- Гэрээр эмчлээд сайжрахгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан