Төмс. Цардуулаар хамгийн их баялаг. А, С, В-ийн бүлгийн аминдэм, кали ихтэй. Хүүхдийн төрөл бүрийн хоолонд оролцуулна.
Шар лууван. А аминдэмийн эх үүсвэр болдог. 1 наснаас эхлэн өгөх ба шүүс нухаш, шөл хийж өгнө. Харшил өгч болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хүрэн манжин. Нүүрс ус, эслэг, органик хүчил, кали, кальци, төмөр, магни агуулдаг. Хүрэн манжингаар шөл (борщ), салат (винегрет) хийж өгнө. Харшил өгч болзошгүй гэдгийг анхаараарай.
Байцаа. Сахар, кали, фосфор, төмөр агуулдаг. Хүүхдэд бага наснаас эхлэн шүүс, нухаш, шөл, салат бэлтгэж өгнө.
Улаан лооль. Амттай. Кали, төмөр, зэс, А, С аминдэм, органик хүчил, идээлүүлэгч бодис ихтэй, эслэг харьцангуй бага. Хүүхдэд бага наснаас нь эхлэн шүүс хэлбэрээр өгнө. Улаан лоольд нүүрс ус, тос болж хувирахын эсрэг хүчил агуулагддаг тул таргалах хандлагатай хүүхдэд өгнө.
Өргөст хэмх. Өргөст хэмх 95%-ийг ус эзэлдэг хэдий ч усанд нь эрдэс, аминдэмүүд ууссан байдаг. Өвөрмөц үнэр, амттай, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг тул хооны дуршил муутай хүүхдэд өгөхөд илүү тохиромжтой. Амьтны гаралтай уургийг шингээх нөлөө бүхий ферментийг агуулдаг учир махан хоолтой хамт хэрэглэхэд сайн. Зүрх, элэг, бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Хүүхдийн хоолонд шинээр нь салат байдлаар хэрэглэнэ.
Хаш. Сахар, эслэг, идээлүүлэгч бодис, калийн давс ихтэй. Хүүхдэд 1 наснаас нь жигнэж, чанаж өгч болно.
Амтат чинжүү. Ялангуяа улаан чинжүү нь А, С аминдэмээр баялаг. Хүүхдэд 1 наснаас нь жигнэж, чанаж өгч болно.
Сонгино, сармис. Фитоцид, эфирийн тос, нүүрс ус ихтэйгээрээ онцлог. Найрлаганд нь ус бага, азотын бодис ихтэй, бага насны хүүхдийн 2-р хоолонд амтлагчаар хийнэ.
Ногоон өнгөт ногоо. Ногоон гоньд, яншуйн навч, цоохор майлз, бууцай, ногоон цэцэгт байцаа зэрэг ногоонууд А, С аминдэм, төмрөөр баялаг. Хоолыг амтлах зорилгоор хийж аминдэмийн хангалтыг сайжруулна. Ялангуяа хавар их хэрэгтэй.
Хулуу. Кальци, зэс, фтор, А, РР, В бүлгийн аминдэмээр баялаг. Бага насны хүүхдийн төрөл бүрийн хоолонд, кашинд хийж өгч болно.
Тарвас. Идээлүүлэгч бодис, органик хүчил, хялбар шингэх сахар ихтэй, эслэг бага, ус их, шээс хөөх үйлчилгээтэй.
Амтат гуа. Нүүрс ус, С, РР амин хүчил, фолийн хүчил ихтэй 1,5-аас дээш насны хүүхдэд амтат хоол хийхэд оролцуулна.
Шошийн төрөл. Шош, ногоон вандуй нь ургамлын гаралтай уургаар баялаг, цардуул В, А аминдэм ихтэй, ногоон вандуй С аминдэмээр баялаг, шош кали ихтэй.
! Шар манжин, улаан, цагаан лууван. Эдгээр ногоо нь эслэг ихтэй тул бага насны хүүхдийн хоолонд хэрэглэдэггүй.
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор