Эрүүл мэнд

image

Хөхний толгойг нөсөөний хэсэгтэй нь хамт хүүхдийн аманд хийж хөхүүлэхгүйгээс хөхний толгой хөндүүр болдог. Үүнээс болж ээж хүүхдээ цөөн хөхүүлэхэд хүрнэ. Цөөн хөхүүлснээр хөхний сүүний хэмжээ багасна. Хөхүүлэхдээ эмзэглэж, хөхний толгойн үзүүр хэсгийг хүүхдэд үмхүүлдэг учир хүүхдийн хөхөх рефлекс муу үүсч, муу хөхсөнөөс сүү гадагшилж чадахгүй. Сүү гадагшлахгүй болохоор ээж миний хөх сүү муутай юм байна гэж бодно. Ингэж бодоход сүү гадагшлах нь улам муудна. Хөхний сүү бүрэн сулрахгүй байсаар сүүний боловсролт ч муудаж эхийн сүү муудна.

Үүнээс сэргийлэхийн тулд хөхний толгой, нөсөөт хэсгийг зөв үмхүүл, хөхөө зөвхөн усанд орохдоо л угаах, хүүхэд өөрөө хөхөж дуусаад хөхний толгойг тавьтал нь хүлээх, унтчихвал хөхөө амнаас нь шувтарч авах биш аманд нь хуруугаа хийж хөхөө авна.

Хөхний толгой өвдөхөд яах вэ?

  • Хүүхэд хөхөх, хөхний толгой үмхэх байрлалыг шалгаж зөв болго.
  • Хүүхдийн ам гэмтсэн эсэхийг үз.

Хөхний толгой яагаад хагардаг вэ?

Хөхний толгой хагарах олон шалтгаан байдаг. Үүнд:

  • Жирэмсний хугацаанд эх хүүхдээ хөхүүлэхэд хөхөө муу бэлдсэн
  • Хөхийг олон дахин угаах
  • Ангир уургийг оройтож амлуулах
  • Хүүхдэд зөвхөн хөхний толгой (товч)-г үмхүүлж хөхүүлсэн
  • Хөхийг хүүхдийн амнаас шувтарч авах
  • Хөхийг саахдаа толгойн хэсгээс шувтарч саах зэрэг тохиолдолд хөхний толгой илүүтэй хагардаг.

Хөхний толгой хагарахаас яаж сэргийлэх вэ?

  • Жирэмсэн эмэгтэй бүр хүүхдээ хөхүүлэхэд хөхөө бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд хөхний толгой хавтгай буюу шигдсэн бол хөхний толгойг долоовор, дунд хурууны завсар хавчаад зөөлөн татах дасгал.

  • Төрөхөөс өмнө хөхөө хүүхэд хөхүүлэхэд бэлдэж толгойг нь сунгах, имрэх, эргүүлэх дасгал хийх.

  • Хөхийг өдөрт нэгээс илүү бүү угаа. Харин гараа хөхүүлэх болгоны өмнө угаах.
  • Төрсний дараа аль болох эрт (30 минут дотор) хоёр хөхийг амлуулж, хөхөх бүрд хүүхдийн хөхөх хугацааг аажим нэмнэ.
  • Хөхүүлэхдээ зөвхөн хөхний толгойг бус хөхний нөсөөт хэсгийн хамт үмхүүлж хөхүүлнэ.
  • Саахдаа гарын 4 хурууг хөхний доод талд, эрхий хурууг дээд талд хөхний толгойноос 1-2 см зайд тавиад хойш нь дарж, шахах байдлаар саана. Хөхний арьсыг шувтарч сааж болохгүй.

  • Хүүхдийг хөхөж дуустал хүлээ.
  • Хөхний толгойг хүүхэд хөхөж дуустал хүүхдийн амнаас бүү ав.

Дээрх зүйлийг та анхаарч байвал хөхний толгой хагарахаас урьдчилан сэргийлж чадна.

Хөхний толгой хагарсан үед яах вэ?

  • Хөхний толгойд элдэв тос түрхэлгүй зөвхөн нэг удаа угаах
  • Толгой нь хагараагүй талынхаа хөхийг эхэлж хөхүүлнэ
  • Хөхүүлээгүй үедээ хөхөө ил байлгах
  • Хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх
  • Хөхүүлж дуусаад хөхний толгойд сүүнээсээ дуслыг түрхэж үлдээх
  • Их өвчтэй байвал сүүг ойр ойрхон саана

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх