
Хүүхдийг анх хоолонд хэт эрт оруулснаар дараах эрсдэлүүдийг дагуулна.
- Хүүхэд хөхөх эхийн сүүний хэмжээг багасгаснаар хүүхдийн хоолны тэжээллэг чанар багасна.
- Хүүхдэд бага сартай үедээ өтгөвтөр хоол идэж чадахгүй тул тэжээллэг багатай шингэн хоол өгөх хэрэгтэй болох тул хоолны тэжээллэг чанар багасна.
- Эхийн сүүнээс авах өвчнөөс хамгаалах олон бодисыг авч чадахгүйд хүрсний улмаас хүүхэд өвчлөх эрсдэл ихтэй болно.
- Нэмэгдэл хоол эхийн сүү шиг цэвэр ариун байж хялбар шингэхгүй тул суулгалт өвчинд өртөх магадлалтай.
- Нэмэгдэл хоолонд хийдэг бусад малын сүүний уураг харшил үүсгэх тул харшлын гаралтай өвчинд өртөх нь их болно.
- Хүүхдээ цөөн хөхүүлсний улмаас эх эрт жирэмслэх магадлалтай
Нэмэгдэл хоолонд оройтож оруулах нь бас эрсдэл дагуулна.
- Хүүхдийн өсөлт хөгжил, бусад олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг авч чадахгүйд хүрнэ.
- Өсөлт хөгжил нь удааширна.
- Хоол тэжээлийн дутлууд, төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх шаардлагатай бодисуудыг авч чадахгүйд хүрнэ.
ЯМАР ХООЛ ӨГӨХ ВЭ?
Эрүүл өсөлт хөгжилтэй хүүхдэд өгөх анхны хоол: Шар луувангийн нухаш, төмсний нухаш, холимог ногооны нухаш, алимны нухаш
Рахиттай хүүхдэд өгөх анхны хоол: Будааны сүүн агшаамлууд, кальциар баяжуулсан ээдэм, жимсний нухаштай ээдэм. Ээдэмтэй будааны шүүс
Цус багатай, А аминдэм шаардлагатай хүүхдэд өгөх анхны хоол: Бантан, мах, ногоотой зутан шөл, махны шөлөнд хийсэн хүүхдийн будааны агшаамал, элэгний нухаш, элэгний зутан шөл, тархины нухаш
Жин багатай хүүхдэд өгөх анхны хоол: Ээдэмтэй сүүн зутан, тэжээллэг зутан, хүүхдийн будааны ээдэмтэй өтгөн агшаамал, уурагт паст
Диатезтэй хүүхдэд өгөх анхны хоол: Тэжээллэг зутан, тараг, ногоон алимны нухаш, ногоонуудын нухаш
ЯАЖ ӨГӨХ ВЭ?
Нэг л хоолыг сонгоод эхний өдөр хөхүүлсний дараа 2 жижиг халбагыг өгнө. Өдөр бүр 2-3 жижиг халбага нэмж тухайн цагтаа өгнө. Ингэж аажмаар дасгасаар 10-14 хоногийн дараа нөгөө хоолыг дасгаж өгнө. Энэ нь 2 дахь нэмэгдэл хоол биш. Анхны нэмэгдэл хоолыг өөр төрөл болгож байгаа юм. Эдгээр хоолыг бэлэн бэлтгэсэн байдлаар юм уу эх өөрөө бэлтгэж өгч болно.
Дээрх хоолыг 130-150 гр болоход өөр цагт 2 дахь нэмэгдэл хоолыг өгнө.
Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор