fbpx

Ээж, аавуудад

image

Ихэнх залуу гэр бүл үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийн асуудлыг зохицуулах нь ээж хүний үүрэг, санхүүгийн асуудлыг шийдэх нь аавын үүрэг хэмээн туйлшран ойлгох нь элбэг. Гэтэл хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй нийгмийн энэ цаг үед гэр бүлийн асуудалд улам нарийн чамбай хандах шаардлага тулгарч байгааг шинэхэн аавууддаа онцгойлон сануулж, доорх цөөн зөвлөгөөг хүргэж байна.

  • Эрчүүдийг хэн өсгөж байгааг судлахад ээж нь л хамт байж, аав нь оройтож ирээд өглөө эрт явдаг нь тодорхой болжээ. Иймд аавууд ялангуяа хүүгээ "эр хүн" болж өсөхөд нь даган дуурайх, үлгэрлэн жишээ болох үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Охин хүүхэд байсан ч аавын оролцоо тун чухал гэдгийг сануулах гэсэн юм.
  • Эмэгтэй хүн хүүхдээ тээж байх үедээ эмзэг болдог. Заримдаа яах гээд байгааг нь мэдэхэд ч бэрх. Энэ үед нь эр хүн та тайван хандаж, болдог зүйл болдгоороо болж байна хэмээн хайр энэрлээр хандаарай.
  • Эхнэрээ амаржихад нь хэрэгтэй бүх зүйлийг нь бэлтгэхэд туслан амаржих газраас ирэхэд бэлэн байх зүйлсийн жагсаалтыг ч гаргаж дадах хэрэгтэй.
  • Гэр бүлд чинь шинэ гишүүн нэмэгдэх үед "ах, эгч"-ийн сэтгэлзүйг бэлтгэхэд эхнэртээ маш сайн туслах хэрэгтэй. Ингэхгүй бол тэд "гол дүрийн баатар" байснаа нэг л өдөр хаягдчихсан мэт санагдан гутралд орж болзошгүй.
  • Аав та гэр бүл төлөвлөлтөө өөрийн цаг заваа харж зохицуулах бус, гэр бүл төлөвлөлтөө харгалзан бусад зүйлээ төлөвлөхийг хичээгээрэй. Ялангуяа орлогын хувьд шинэ хүнээ багадаа хоёр нас хүртэл өсгөхөд нь "нураад унахааргүй" өрхийн төсөвтэй байх хэрэгтэй.
  • Балчир хүүхэд бага асуудалтай, том хүүхэд том асуудалтай гэдэг үгийг санан цаашид гэр бүлдээ улам их цаг зарцуулах боломж бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг бодолцоорой.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном" /Хүүхдийг ивээх сан/

X
Нэвтрэх