fbpx

Эрүүл мэнд

image

Эрүүл мэндийн яамнаас томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг "Виферон" лааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ лааг Эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан.

ЭМД-ийн сангийн дарга Алтанхуяг: ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн дүн гарсан. Өнөөдрийг хүртэл "Виферон" лаанд ЭМД-ын сангаас 3.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Баттүвшин: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. ЭХЭМҮТ-өөс зарим халдварт өвчний үед энэ лааг хэрэглэж болох боловч толгой дараалан хэрэглэхийг зөвлөөгүй. Томуугийн эмчилгээний удирдамжид дээрх хоёр үндэсний төвийн эмчилгээний удирдамжийг баримталж, эмнэлгүүддээ зөвлөмж өгдөг юм гэв.

ОХУ-д үйлдвэрлэсэн Виферон лааг 2010 оны 8 сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Монгол улс ороод 12 улс хэрэглэж байна.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр:  ДЭМБ-аас олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж гаргадаг. Тэрийг улс орнууд дагадаг. ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд 4 эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ 4-өөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон ганцхан эм бий. Тэр нь Осельтамивир. Энэ маш үнэтэй эм учир цаашид яах вэ гэдэг асуудлаар ЭМЯ-тайгаа ярилцаж байна.

Виферон бол томуугийн эмчилгээний асуудалд хэрэглэж байгаа лаа. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ЭМЯ-ны Газрын дарга Б.Цогтбаатар: Энэ эмийг ЭМД-ын сангийн хөнгөлөлтөд оруулах процессийн алдаа гарсан. Давуу эрх олгогдсон. Энэ бол үнэн. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад амь насанд хамгийн чухал эмийг хөнгөлөлттэй олгох ёстой. Энэ асуудалд хариуцлага тооцохоор Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлыг хэсэг, холбогдох байгууллагууд дүгнэлтээ гаргасны дараа олон нийтэд мэдээлнэ гэлээ.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх