fbpx

Эрүүл мэнд

image

Дэлхий даяар агаарын бохирдлын улмаас нэг жилд 7 сая гаруй хүн амиа алдаж байгаагийн ихэнх нь хөгжиж буй орнуудад тохиож байна. Монгол улсын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон хязгаараас 133 дахин өндөр болж хүүхэд, жирэмсэн эхчүүд, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна.

Агаарын бохирдол ихтэй үед иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд уушги цэвэрлэх цай болон хүчилтөрөгчийн коктейл хэрэглэдэг. Эмч нар тэр дундаа жирэмсэн эхчүүдэд түлхүү хүчилтөрөгчийн коктейль тогтмол уухыг зөвлөдөг. Мөн бага насны хүүхдүүд, өндөр настнуудад ч тус бүтээгдэхүүн нэн тохиромжтой гэж үздэг ажээ.

Үүнийг хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх мөн хувь хүнийхээ үүднээс агаарын бохирдолтой тэмцэх нэг арга гэж үздэг. Үнэндээ хүчилтөрөгч буюу хий нь ходоод, хоол боловсруулах эрхтнээр дамжин хүний биед шимэгддэггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Тухайлбал, ДЭМБ-ын олон нийтийн эрүүл мэндийн газрын дарга Мариа Нейра “Уушги, зүрх судасны өвчнөөс сэргийлэх цорын ганц бодит шийдэл нь агаарын бохирдлыг бууруулах явдал юм. Бизнесийн байгууллагууд хүчилтөрөгчийн коктейль, уушги цэвэрлэх цай санал болгож буй ч эдгээр нь ашиг тустай гэдгийг шинжлэх ухаанаар нотлоогүй байна” хэмээн хэлжээ.

Нэг аяга хүчилтөрөгчийн коктейлийг ууж хэрэглэснээр ойд гурван цаг алхсантай тэнцэх хэмжээний цэвэр агаарыг авч чадна гэж уг бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг. Гэтэл агаарын бохирдлоос хамгаална гэсэн нэрийн дор уушги цэвэрлэх цай, хүчилтөрөгчийн коктейл худалдах нь агаарын бохирдолтой улсуудад бизнес болон хөгжсөн талаар ДЭМБ судлаач өгүүлэлдээ онцолсон байна.

Хүчилтөрөгчийн коктейлийг хэрэглэх нь ашиг тустай талаар шинжлэх ухаан талаас ямар нэгэн судалгаа нотолгоо байхгүй аж. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгч буюу хий нь ходоод, хоол боловсруулах системээр шимэгдэн хүний биед шингэдэг гэдгийг тогтоогоогүй байна.

Өчигдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар жирэмсэн ээж болон 0-5 насны хүүхдүүдэд хүчилтөрөгчийн коктейл өгөх саналыг хэлэлцсэн бөгөөд энэ үйл ажиллагаа нь үр дүнгүй хэмээн үзжээ.

Эх сурвалж: Straits times  

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх