fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхдийн амьсгалын замын эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй, амьсгалын давтамж нь олон байдаг зэрэгтэй холбоотойгоор агаарын бохирдлын шалтгаант өвчлөлд өртөмхий байдаг. Агаарын бохирдол УБ хотод их байгаатай холбоотойгоор 0-15 насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна.

Гэвч “Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-нд хамрагдсан хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэхгүйбайгааг тогтоожээ.

Уг судалгааг АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны  эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораториос явуулсан бөгөөд хүүхдүүдийг төлөөлүүлэн Баянзүрх дүүргийн 6 хороо, Чингэлтэй дүүргийн 6 хорооны 9-12 насны сургуульд сурдаг, хичээлдээ явах, харихдаа явган алхдаг, сургууль болон гэр хооронд зайн 2 км-ээс багагүй 100 хүүхдийг сонгосон байна.

"Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу" гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн

  • 65 хувь нь тийм,
  • 18 хувь нь үгүй
  • 17 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ.

Маск агаарын бохирдлоос хамгаална гэж хариулсан эцэг эхчүүдийн зөвхөн 22 хувь нь хүүхдүүдээ маск хэрэглүүлдэг байна. Маск агаарын бохирдлоос хамгаалахгүй болон мэдэхгүй гэж хариулсан эцэг эхчүүдийн дийлэнх хувь (88 хувь, 82 хувь) нь хүүхдүүддээ маск хэрэглүүлдэггүй аж.

Маск хэрэглэдэг хүүхдүүдээс хамгийн олон нь буюу 47% нь PM2.5 тоосонцор шүүх зориулалтын агаар гаргах хавхлага бүхий маск хэрэглэж байгаа бол 37% нь хавхлагатай, хавхлагагүй үйлдвэрийн зориулалтын тоосноос хамгаалах маск зүүж хэрэглэдэг гэжээ. Хүүхдийн цөөн хувь (16%) нь нь PM2.5 тоосонцор шүүх хавхлагагүй, 42% нь бусад төрлийн маск зүүж хэрэглэж байна.

Эцэг эхчүүдээс хүүхдэдээ зориулж маск худалдан авахдаа тоос шүүх чанарыг хамгийн их (40%) нь анхаарч байна. Түүнчлэн зүүхэд тохиромжтой байдал, маскыг олон дахин ашиглах боломжийг анхаардаг гэж 26-29 хувь нь хариулжээ. Мөн эцэг эхчүүдийн 10 хувь нь худалдан авах үнэ, 7 хувь нь өнгө үзэмж нь чухал гэж үзсэн талаар дээрх судалгаанд дурджээ.

Хүүхдүүддээ маск хэрэглүүлдэггүй эцэг эхчүүдээс ямар шалтгаантайг нь асуухад

  • хүүхэд маань хэрэглэж хэвшээгүй гэж хариулсан нь хамгийн олон буюу 29,
  • эцэг эх маск худалдан авахдаа сонголтоо зөв хийж мэдэхгүй 24,
  • маск үнэтэй, зав муутай учир худалдан авч амжаагүй 10 ,
  • хүүхдэд тохирсон маск олдохгүй гэж хариулсан 7,
  • маск агаарын бохирдлоос хамгаалж чадахгүй гэж хариулсан 11 эцэг эх байжээ.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх