fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол хүүхдүүд “Маамуу” брэндийн Аами, Таами гэх дүрүүдтэй болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд:

  • 12 анги бүхий цуврал анимэйшн хүүхэлдэйн кино,
  • Нийт 120 орчим дугаар бүхий хүүхдийн цуврал нэвтрүүлэг,
  • Хүүхдийн дуу, клип, шүлэг, үлгэр, зөвлөгөө, мэдээлэл.
  • Олон төрлийн ном, тоглоом  зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ.

Монгол агуулга бага үнээр бүтдэггүй. “Монгол Контент” компанийн залуус дээрх монгол агуулгыг бүтээхийн тулд шаргуу ажилладаг. Гэтэл эдгээр залуусын маань хийж бүтээсэн хөдөлмөрийг мөлжиж, оюуны өмчийн хулгай хийн “Маамуу” брэндийн хуурамч буддаг ном болон Аами Таами дуугардаг тоглоомыг зарим худалдааны төв болон зах, дэлгүүрүүдээр зөвшөөрөлгүй борлуулж байна.

Иймд эрхэм хүндэт худалдан авагч та бүхнийг эдгээр газруудаас “Маамуу” брэндийн хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авч, оюуны өмчийн хулгайг дэмжихгүй байхыг уриалж байна.

Манай компанийн зөвшөөрөлгүйгээр Маамуу брэндийн буддаг ном, тоглоом зэргийг хууль бусаар хувилан олшруулах, бодит бус үнээр борлуулах үйлдэл гарч байгаа нь Зөрчлийн тухай хуулийн дараах заалтуудыг зөрчиж байгаа гэдгийг эдгээр худалдаа эрхлэгчдэд онцгой анхааруулж байна.

8.3 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.4 дүгээр зүйл.Патентийн тухай хууль зөрчих

1.Патентийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Та бүхэн “Маамуу” брэндийн албан ёсны, чанартай бүтээгдэхүүнийг доорхи дэлгүүр, худалдааны төвүүдээс худалдан авах боломжтой. Үүнд:

  • Номингийн бүх сүлжээ дэлгүүрүүд,
  • И-Мартын Чингис болон Хороолол салбар,
  • Интерном номын Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүр,
  • Мобикомын үндсэн салбарууд.

X
Нэвтрэх