Хөхүүл эхийн хөхний толгой хагарах олон шалтгаан бий. Үүнд:
- Жирэмсний хугацаанд эх хүүхдээ хөхүүлэхэд хөхөө муу бэлдэх
- Хөхийг хэтэрхий олон угаах
- Ангир уургийг оройтож амлуулах
- Хүүхдээ зөвхөн хөхний толгойг үмхүүлж хөхүүлэх
- Хөхийг хүүхдийн амнаас шувтарч авах
- Хөхийг саахдаа толгойн хэсгээс шувтарч саах зэрэг тохиолдолд хөхний толгой илүү их хагардаг.
ХӨХНИЙ ТОЛГОЙ ХАГАРАХААС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?
- Жирэмсэн эмэгтэй бүр хүүхдээ хөхүүлэхэд хөхөө бэлдэх хэрэгтэй. Үүний тулд хөхний толгой хавтгай буюу шигдсэн бол хөхний толгойг долоовор, дунд хурууны завсар хавчаад зөөлөн татах дасгал хий.
- Төрөхөөс өмнө хөхөө хүүхэд хөхүүлэхэд бэлдэж толгойг нь сунгах, имрэх, эргүүлэх дасгал хий.
- Хөхийг өдөрт нэгээс илүү угаах хэрэггүй. Харин гараа хөхүүлэх бүрийн өмнө угаа.
- Төрсний дараа аль болох эрт хоёр хөхийг амлуулж, хөхөх бүрт хүүхдийн хөхөх хугацааг аажим нэмнэ.
- Хөхүүлэхдээ зөвхөн хөхний толгойг бус хөхний нөсөөт хэсгийн хамт үмхүүлж хөхүүлнэ.
- Саахдаа гарын 4 хурууг хөхний доод талд, эрхий хурууг дээд талд хөхний толгойноос 3-6см зайд тавиад хойш нь дарж, шахах байдлаар саана. Хөхний арьсыг шувтарч сааж болохгүй.
- Хүүхдийг өөрөө хөхөж дуустал хүлээ.
Дээрх зүйлсийг анхаарч байвал та хөхний толгой хагарахаас сэргийлж чадна.
Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир