fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд багаасаа насандаа тохирсон ажил хийж гэрийн ажилд туслах нь тэднийг үүрэг, хариуцлагатай байхаас гадна өөрийгөө үнэлэх, бусдыг хүндлэх гэсэн хүний хамгийн чухал зөв төлөвшлийг бий болгодог. Хүүхдээр ажил хийлгэхдээ дараах зүйлийг сайн анхаарах хэрэгтэй.

1. Хүүхдийн хийж чадах буюу насанд нь тохирсон хэм хэмжээтэй ажил даалгах. Өөрт нь тохироогүй хүнд, тодорхой биш, их ажил нь хүүхдийг уйдамхай, тууштай биш, санаачлагагүй болгох сөрөг үр дагавартай байдаг.

2. Хүүхдээр ажил хийлгэхдээ сонголт хийлгэх нь маш чухал. Үүнд:

 Хүүхэд 2-6 настай бол "Ээждээ аяга хурааж туслах уу эсвэл хувцас хурааж туслах уу ", "Эхлээд тоглоомоо хураах уу эсвэл хоолоо идэх үү" гэх зэргээр 2 зүйлээс сонголт хийлгээрэй.

 Хүүхэд 7+ настай бол "Чи гэрийн ажлаас юуг хийхэд туслах вэ?" , "Хүнсээ цуглуулахад сонголт хийж тус болооч" гэх мэт дэлгэрэнгүй сонголт өгөх хэрэгтэй.

3. Хүүхдийг урамшуулахаа мартаж болохгүй.

"Чи тусласан болохоор ээж нь ядарсангүй", "Чиний хоолны сонголтууд үнэхээр таалагдаж байна", "Хүүгийнхээ зассан оронд унтах тухтай сайхан байна" гэх зэргээр хүүхдийнхээ тусыг тодорхой байдлаар дүгнэн талархаж урамшуулж байгаарай. Үргэлж л хэлдэг "мундаг шүү" гэх мэт хоосон магтаал хүүхдийг мөн чанарт биш харагдах байдал, сайшаагдах хэлбэрт дуртай болгох гээд байдаг.

♨️ 3- 4 настны хийх ажлууд:

⚀ Өөрийн тоглоомыг том жижгээр нь ялган эмхлэн хураах
⚀ Угаасан оймснуудаа хосоор нь болгон ялгаж өгөх
⚀ Ширээ, тавиурын тоосыг арчих
⚀ Хогоо хогийн сав руу хийх
⚀ Хүссэн зүйлийг тань танд дөхүүлж өгөх
⚀ Асгаж бохирдуулснаа арчиж цэвэрлэх
⚀ Халбага, сэрээ, савхыг ялган хувиарлах
⚀ Чанасан өндөг болон сонгино гараараа хальсах. Энэ насныхантай ажил хийхдээ аль болох тоглоомын хэлбэр рүү шилжүүлж зугаатай байдлаар гүйцэтгэж байгаарай. Тухайлбал: "Хоёулаа асгасан будаагаа уралдаж түүе", "Эхлээд том тоглоомоо сагс руу гоооол оруулъя, дараа нь жижгүүдийг гоол" г.м

♨️ 4-5 настны хийх ажлууд:

🌱 Хог шүүрдэх, шал арчих
🌱 Өмсөх хувцсаа бэлдэх, бохир хувцсаа ялгах
🌱 Ширээ сандал хураах, зөөхөд туслах
🌱 Төмс лууван хальслагчаар хальслах
🌱 Будааг агшаахын өмнө угааж бэлтгэх
🌱 Аяга таваг хураах, угаах
🌱 Ороо хураах, засах
🌱 Угаасан хувцах хатаагчинд тохох
🌱 Хувцасаа өөрөө сольж өмсөх, сольсон хувцааа эмлэн байх байранд нь тавих, эвхэх
🌱 Хог гаргаж хаях. Энэ насанд хогийг хувиарлан ангилж хаяулж сургахад хамгийн сонирхдог нас.

♨️ 5-6 настны хийх ажлууд:

🍀 Тоосоо арчих
🍀 Хоол бэлтгэх, хүнс цуглуулахад туслах
🍀 Бууз, баншны гурил элдэх
🍀 Тэжээмэл амьтнаа асрах, цэцэг тогтмол услах
🍀 Гэрээ, өрөө тасалгаагаа цэгцлэх
🍀 Бага саваар ус авах, түлээ бэлтгэхэд туслах
🍀 Нусны алчуур, оймс, бээлий г.м жижиг зүйлсээ өөрөө гараар угаах
🍀 Өөрөө ам, шүдний ариун цэвэр сахих
🍀 Угаалгын машинд хувцас угаах, угаасан хувцас дэлгэж тавих, хатсаны дараа эвхэх
🍀 Тоос соруулах, хог шүүрдэх
Энэ насанд төгс үр дүн шаардахаас илүүтэй хийсэн оролцоо ахиц түвшинд нь урамшуулаарай.

Аав ээжүүд хүүхдийн хийж чадах ажлыг өмнүүр нь орж хийснээр хүүхдийнхээ бие даах, өөртөө итгэлтэй, санаачлагатай байх эрхэм чанарыг нь үгүй хийж байгаагаа ухаараарай.

X
Нэвтрэх