fbpx

Ээж, аавуудад

Аутизмын онцлогтой хүүхдийг ялган гадуурхахгүй, байгаагаар нь ойлгож, энгийн л харилцахыг хүн бүхнээс хүсмээр байна. Тиймээс та бүхэн аутизтай хүүхдийг илүү сайн таньж мэдье, ойлгоё гэвэл доорх санал болгож буй кинонуудыг олж үзээрэй.

1. The Middle (Brick Heck)

Энэхүү киноны гол дүрүүдийн нэг болох Брик хүү нь үе тэнгийн хүүхдүүдээсээ хэд дахин илүү ухаантай онцгой нэгэн юм. Тэрээр аливааг уншиж судлах дуртай ба өвөрмөц бичгийн хэвэнд дурлах, өөртэйгөө шивнэж ярих зэрэг хэн хүнд байгаад байдаггүй зуршлуудтай. Нэг л уншсан бол хэзээ ч мартдаггүй нь түүний онцгой чадваруудын нэг юм. Мөн Брик хүү олон нийттэй харьцах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож чаддаггүй, айх эмгэгтэй. Олон нийттэй харьцахаас айх айдсаасаа болоод гэр бүлийнхэн нь төрсөн өдрийг нь мартах зэрэг үл тоогдох явдал түүнд цөөнгүй тохиолддог. Бусдаас онцгой байх нь буруу зүйл биш болохыг энэхүү дүр бидэнд өдөр тутмын энгийн амьдралд тохиолдох саад бэрхшээл, баяр гунигаар дамжуулан илэрхийлэх болно.

2. Atypical (Sam)

Сэм бол 18 настай, мэдрэмтгий, бусадтай харилцах тал дээр асуудалтай, ахлах сургуулийн сурагч. Тэрбээр бусдын адил найз охинтой болж өөрийгөө нээхийн тулд түүнд болон түүний гэр бүлд үүсэж буй асуудал, тэдгээрийг хэрхэн даван туулж байгааг энгийн нэгэн ахлах сургуулийн сурагчийн амьдралаар дамжуулан үзүүлнэ. Аутизмын эмгэгээс шалтгаалсан айдсаа ялж, өөрийн хүссэн зорилгодоо хүрэх нь түүнд болон түүний гэр бүлд хэрхэн нөлөөлж байгааг энэхүү киноноос та харж болно.

3. Good doctor (Shaun Murphy)


Shaun бол залуухан, гарамгай чадвартай мэс заслийн эмч. Хэт мэдрэмтгий, олон нийтээс өөрийгөө тусгаарлах, тэднээс айх зэрэг аутизмийн олон шинж тэмдэг түүнд бий. Энэхүү шинж тэмдгүүд нь түүний давуу тал болж зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хичээж зүтгэж байгааг энэхүү кино харуулна. Анх шинэ ажилд ороход хамт олон нь түүнийг элэгсэг дотноор хүлээж аваагүй ч тэрээр өөрийн чадвараа ямар болохыг батлан харуулж, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Эмнэлэг болон түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл зэргийг нэгт нэгэнгүй маш тодорхой байдлаар тайлбарлах энэхүү кино нь бодит, хөрсөн дээрээ бууж чадсан хэмээн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Уг кино нь сул талаа давуу тал болгож чадваас хүнд ямар их боломж нээгддэг болохыг бидэнд ойлгуулна.

4. Rain man (Raymond Babbitt)

Уг кино нь зарим төрлийн онцлог шинж тэмдэг бүхий хүмүүсийг нийгэмд таниулж тэдгээрийн зан ааш, шинж чанарыг онцгойлон илэрхийлсэн анхдагч кинонуудын нэг. Киноны гол дүр болох Raymond Babbitt мэдрэмжтэй, хүнлэг нэгэн. Энэхүү кино нь онцгой төрлийн хүмүүс нийгэм, хүрээлэн буй орчноо хэрхэн хүлээж авч, ойлгодог болохыг нийгэмд таниулах зорилготой. Уг киног үзсэнээр бид яг үнэндээ "тэд болон бид" гэсэн тусдаа хэсэг биш "БИД" гэсэн нэг хэсэг болохыг ойлгож чадна.

X
Нэвтрэх