fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Зарим аавууд өдөржин, шөнөжин ажиллаж байгаагаа гэр бүлийнхнийхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйлээ гэж эндүүрдэг. Өөрөөр хэлбэл бид хүүхдүүдийнхээ төлөө хамгийн сайн сайхан бүхнийг хийж өгч байна гэж боддог ч энэ нь тэс өөр үр дүнг авч ирэх тохиолдол бий.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ аавуудын хүүгээ өсгөхөд гаргадаг түгээмэл алдаа болон тэдгээрийг хэрхэн засах тухай зөвлөгөөг хүргэж байна.

1. ХАНГАЛТТАЙ ЦАГ ЗАРЦУУЛДАГГҮЙ

"Ажил дуусдаггүй, амьдрал дуусдаг" гэдэг үг бий. Бүтэмжтэй, урагштай яваа ажлаа цалгардуулахгүйгээр илүү амжилттай явуулахын тулд хэчнээн цагаар ч хамаагүй ажилладаг аавууд цөөнгүй. Ингээд хүүхдээ өглөө хичээлд нь хүргэж өгөхдөө эсвэл орой оронд нь оруулахдаа л хэдэн минут уулзаж амждаг байх.

Хэрэв та энэ төрлийн аав бол энэ мягаараа удаан явах нь хүүхдэд тань ч, танд ч муу нөлөөтэй. Нэн ялангуяа аавтайгаа дотно харилцаатай байдаг эрэгтэй хүүхэд өөртөө их итгэлтэй хүүхэд болж хүмүүждэг. Тиймээс тэд өдөрт юу хийсэн, ямар ямар асуудлууд тулгарсан, тэдгээрийг нь хэрхэн шийдэх зэрэг талаар зөвлөлдөж, ярилцаж байгаарай.

2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЭХИЙГ НЬ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

"Эрэгтэй хүүхэд уйлдаггүй", "Монгол эрчүүд хүчтэй байдаг" зэрэг үгсийг хүүхдэдээ хэлж хатуурхдаг юм биш биз? Охид л уйлдаг юм гэж үү? Үгүй шүү дээ.

Эцэг эхчүүд охидыг өсгөхдөө тэдний юу мэдэрч байгаа, юу нь хэцүү байгаа зэрэг талаар их нээлттэй байдаг. Харин манай улсад эрэгтэй хүүхэд өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмж бүрээ илэрхийлэх нь тохиромжгүй гэсэн тогтсон хэв маяг ч гэх үү бичигдээгүй хууль бий.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, гадагшлуулж сураагүй хүүхэд бага насандаа онцын асуудалгүй мэт харагдаж болох ч ирээдүйд сэтгэцийн эмгэгтэй болтлоо даамжрах аюултай байдаг талаар сэтгэл судлаачид анхааруулдаг.

3. ЭЭЖИЙГ НЬ ХҮНДЭЛДЭГГҮЙ

Та хүүгийнхээ нүдэн дээр ээжтэй нь тааламжгүй байдлаар харьцдаг юм биш биз? Та эхнэртэйгээ үргэлж л ууртай, залхсан, үл тоосон, хүндлэлгүй байдлаар харьцдаг бол хүүхэд тань тантай тийм ч сайхан харилцаатай байж чадахгүй л болов уу.

Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүмүүсийг хэрхэн хүндлэхийг ааваасаа л үлгэрлэн суралцдаг. Тиймээс та эхнэртэйгээ хүндэтгэлгүй харьцдаг бол хүү тань нэг бол эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй нэгэн болж төлөвшинө, аль эсвэл аавтайгаа тааламжгүй харилцаатай болно.

4. ХҮҮГЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ

Хүүхдийг зөв хүмүүжилтэй болгохын тулд заавал шийтгэх шаардлагагүй. Үүний оронд дундын дүрэм зохиож, хийсэн үйлдэл бүрийнх нь ард үр дагавар нуугдаж байдгийг ойлгуулах хэрэгтэй.

Мөн ямар үед загнах, ямар үед аргадах тунг нь тааруулж сурах нь чухал.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх