fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нярай хүүхдийн өөрийгөө илэрхийлэх гол хэл нь уйлах. Уйлж байгаа болон биеийн хэлийг нь сайн ажиглавал ямар шалтгаанаар уйлж байгааг таньж мэдэх боломжтой байдаг.

Бидний нийтлэг алдаа бол уйлах бүр нь аваад байвал авахуулаад сурчихна гэсэн эндүүрэл. Хүүхдийг уйлах үед тоохгүй орхисноор хүүхэд яваандаа өлссөн, шээсэн, баасан үедээ ч уйлахаа больдог. Энэ нь сайн зүйл биш шүү. Ингэж тааламжгүй байгаагаа илэрхийлэхгүй өөрийгөө хохироож том болсон хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөртөө итгэлгүй, бусдад итгэдэггүй, уур уцаар ихтэй байхаас гадна оюун ухааны хөгжил биеийн дархлааны хувьд ч хөгжил муу байх талтай.

Тиймээс хүүхдийг уйлах үед заавал тайвшруулж байх хэрэгтэй. Уйлах үед нь өөрийгөө байгааг мэдрүүлж тайвнаар ярилцах эсвэл зүрхэн талдаа толгойг нь наан элгэндээ тэвэрч хэсэгхэн хором болоход л хүүхэд тайвширдаг. Үүний дараа юу хүссэнийг нь анхаарах хэрэгтэй.

1.Өлсөөд уйлах
Амаа ангалзуулан, хацар руу нь ойртсон хуруу руу дайрах, хуруугаа хөхөх зэрэг биеийн хэлээр илэрхийлэн зөөлөн уйлна.

2. Нойр хүрэх
Уцаартайгаар уйлах бөгөөд нүдээ гараараа дарах, нүдээ нухлах, ойр ойрхон эвшээх зэрэг биеийн хэлээр илэрхийлнэ.

3. Орчин таалагдахгүй байх
Нярай хүүхдүүд ихэвчлэн тухайн орчин хэт халуун эсвэл хүйтэн үед таалагдахгүй байгааг илэрхийлдэг. Хамраа үрчийлгэж нойр хүрсэн үеийнхээс илүү хүчтэй уйлна. Энэ үед хувцсыг нь солих, эсвэл зузаан өлгийдөж өгвөл амархан тайвширна.

4. Тантай хамт байхыг хүсэх
Хэт дуу чимээтэй, тод гэрэлтэй тайван бус орчинд хүүхэд үргэлжлүүлэн зөөлнөөр уйлна. Энэ үедээ тэд аав ээжийнхээ хоолойг сонсох, үнэрийг тань үнэртэх, биеийн дулааныг нь мэдэрснээр тайвширдаг.

5. Бие эвгүйрхэх /Шүд ургах, гэдэс эвгүйрхэх, чихээр хатгах/
Хүүхдийн ямар нэг газар өвдөж байвал өөрийн тэнхээгээрээ огцом чанга уйлах ба хөмсөгөө зангидан биеэ чангалан биеийн хэлээр илэрхийлнэ. Энэ үед халууныг үзэж өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай. Хүүхэд тайвширахгүй уйлсаар л байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийж хэрхэвч болохгүй.

Нярай хүүхдэд ч сэтгэл хөдлөлийн бүх шинж тэмдэг ажиглагддаг. Үүнийг нь сайн анзаарч аав ээж та хажууд нь ярилцаж, ойр ойрхон тэвэрч хайраа мэдрүүлж байгаарай.

X
Нэвтрэх