Хүүхэд явж эхлэнгүүтээ хөдөлгөөний шинэ, шинэ арга замыг эрж хайдаг
-Хүүхдийн хөдөлгөөний хөгжил-
Хөлд орсноос хүүхэд өөрийгөө болон хүрээлэн буй орчноо танин мэдэх өргөн боломжийг олж авдаг. Бие даан зогсох, өөрөө алхах нь хүүхдэд өөртөө илүү итгэлтэй болох, бие даасан хувь хүн болсон гэдгийг мэдрүүлнэ. Улмаар хувцсаа тайлах, өмсөх, аягатай хоолоо өөрөө барих, халбагаар идэхийг оролдох зэргээр өөрийн хэрэгцээтэй үйлдэлд сонирхолтой болдог байна.
Хүүхэд явж сурч эхлэнгүүт хөдөлгөөний шинэ, шинэ арга замыг эрж хайдаг. Хүүхэд шат руу авирах, доош буух, өвдөглөн суух, ухарч алхах зэргээр янз бүрийн хөдөлгөөн хийх дуртай болно. Хэдийгээр хүүхдийн байнгын хөдөлгөөн томчууд биднийг ядрааж болох ч хүүхэд шинэ чадвар эзэмшиж байгаа тул баяр жаргалтай санагдах нь зүйн хэрэг юм.
Энэ насанд хүүхдийн үндсэн хэрэгцээ хөдөлгөөн болж явахад бүхий л анхаарлаа төвлөрүүлж, хамаг хүчээ зориулдаг учраас хэл ярианы хөгжил сайнгүй байгаа мэт санагдаж болно. Та өөрийн хэрэгцээг хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулж өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягт тохиромжтой зарим нэг дүрэм горим, зохицуулалтыг оруулж өгч болно. Ойлгомжтой дүрэм горим нь гэр бүлийн амьдралыг илүү тогтвортой болгоход ач тустай.
Юм бүхнийг сонирхож шинжих нь 1-1,5 насны хүүхдийн өдрийн турш хийдэг ажил нь юм. Хогийн сав, хувцасны шүүгээ аяганы шүүгээ гээд бүгд тэдний хувьд шинжлэн судлах зүйлс болдог. Гэвч сайн ажиглахад хүүхэд үйлдлийг санамсаргүй хийх нь багасаж шинэ асуудал шинэ нөхцөл байдалд өөрийн гэсэн арга барилаар хандах чадвараа хөгжүүлж байдаг.
Хүүхдийн тасралтгүй хийх ажлыг чиглүүлэх нь томчуудын үүрэг. Хүүхэдтэйгээ хамт суугаад хийж буй зүйлийг ихэд сонирхон анхаарч түүнийг дэмжих нь чухал.
Гэрт болж байгаа бүхий л зүйл томчуудын хийж байгаа зүйлийг дуурайх сонирхолтой тул та хийж буй зүйлдээ хянуур хандах хэрэгтэй. Хүүхэд тухайн үйлдлийг дуурайн хийх болно. Тоглоом дуу хөгжим хүүхдийн даган дуурайх чадварыг сайжруулж, идэвхжүүлнэ.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш