Зун ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн төвд өдөрт 200-250 хүүхэд ирж байгаагийн дийлэнх нь наршсан байдаг. Наршилтын үед хүүхэд тайван биш, царай нь цонхийн цайх, хөхрөх, халуурах, суулгах, бөөлжих, өндөр халуурснаас таталт өгөх шинж тэмдэг илэрдэг.
Тиймээс ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Наршсан хүүхдэд юуны өмнө сүүдэр, сэрүүн газар байрлуулж, ердийнхөөс илүү шингэн уулга. Үүнд буцалсан ус, байхуу цай, хярам, бор цай зэрэг орно. Харин сүү, цагаан идээ, жимс, шүүс зэргийг уулгаж болохгүй. Мөн хөвөн даавуун хувцас өмсгөх хэрэгтэй.
Аагим халуун өдрүүдэд тасалгаанд хуримтлагдсан агаарын улмаас хүүхэд гадаа гараагүй байсан ч наршдаг. Тиймээс өрөө тасалгааны агааржуулалт хийж, хүүхдийнхээ хувцсыг нимгэлэх хэрэгтэй гэдгийг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Нармандах хэлж байна.
Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго