fbpx

Эрүүл ахуй

image

Агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг сүүлийн үеийн судалгаа хөдөлшгүйгээр нотолж байгаа тул агаарын бохирдлыг нэн даруй бууруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудад анхааруулж байна.

Агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг

Өнөөдөр дэлхий дээр нэг хүртэлх насны 17 сая орчим хүүхэд агаарын бохирдлын түвшин нь олон улсын дундаж түвшнээс зургаа дахин хэтэрсэн бүс нутагт амьдарч байна. Эдгээрийн 12 сая гаруй нь Өмнөд Азид, бусад нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт амьдарч байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан “Агаарт буй аюул: бага насны хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлд агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн  уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг талаар нотолжээ.

Бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө

НҮБ-ын Хүүхдийн Сангийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдлын бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гарах сөрөг үр дагавартай адил байдаг гэжээ. Ялангуяа энэхүү аюул нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 24 сар хүртэлх 1000 өдрийн туршид хамгийн өндөр байдаг нь тогтоогдсон. Тухайлбал:

  • Агаар бохирдуулагч бодисууд тун нарийн ширхэгтэй тул хүүхдийн цусанд шууд нэвтэрч, уураг тархинд хүрч, судас, тархины хоорондох шүүлтүүрийг даван мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг.
  • Магнетит буюу монголоор соронзон хүдрийн төмөр зэрэг зарим хэт нарийн ширхэгтэй бохирдуулагч нь үнэрлэх эрхтэн, хоол боловсруулах замаар дамжин биед нэвтрэн орж, соронзон чанараараа исэлдэх стресс үүсгэдэг. Энэхүү процесс нь мэдрэлийн тогтолцооны нөхөн сэргэшгүй хүнд өвчлөлтүүдийг үүсгэх үндэс болдог.
  • Нүүрс, шатахуун, тос, хог, тамхи зэргийг шатаахад үүсдэг Полициклик ароматик гидрокарбон гэх мэт бохирдуулагчид нь хүүхдийн сурах, хөгжих суурь болсон тархины мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээдэг.
  • Бага насны хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхээс бага хэмжээтэй тул илүү мэдрэг байдаг. Тиймээс багахан хэмжээний хорт бодис ч хүүхдийн тархийг илүү хүчтэй хордуулдаг байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Мөн хүүхдийн бие махбодын өөрийгөө хамгаалах дархлааны чадвар сул байдаг тул агаарын бохирдолд томчуудаас илүү хорддог.

Агаарын бохирдлын бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гарах сөрөг үр дагавартай адил байдаг

Бид агаарын бохирдлоос хүүхдээ хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

Агаарын бохирдлын хүүхдийн хөгжиж буй уураг тархинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах дараах арга хэмжээг яаралтай авахыг НҮБ-ын Хүүхдийн Сан илтгэлдээ анхааруулжээ. Үүнд:

  • Цэвэр түлш, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, дутуу шаталттай зуухнаас татгалзах; нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгох; хот суурин газруудын ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх; мөн хатуу хог хаягдлыг зохистой аргаар устгаж ил задгай шатааж, агаар орчинд химийн хортой бодис ялгаруулахаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх.
  • Агаарын бохирдолтой орчинд хүүхдийн байх цагийг хязгаарлахын тулд тээврийн хэрэгслээр зорчих цагийг нь бохирдол бага байх үеэр тааруулж тохируулах. Зайлшгүй тохиолдолд агаар шүүгч, амны хаалтыг зөв хэрэглэж хэвших. Түүнчлэн хот төлөвлөлтийг зохион байгуулахдаа гол бохирдуулагч эх үүсвэрүүдийг хүүхэд олноор байх сургууль, эрүүл мэндийн төвүүдээс хол байршуулах.
  • Хүүхдийг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг нь дэмжих, дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч  хэрэгжүүлснээр  агаарын бохирдлын нөлөөг тэсвэрлэх чадвар сайжрах юм. Үүнтэй холбоотойгоор хүүхдийг уушгины хатгалгаагаар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, зөв эмчлэх, мөн бага насны хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох, шим тэжээлтэй хоол хүнсээр зохистой хооллохыг дэмжих.
  • Агаарын бохирдлын тухай мэдлэгийг дээшлүүлж, бохирдлын түвшнийг тогтмол хянах. Агаарын бохирдлоос хүүхдийг хамгаалахын тулд нэн түрүүнд амьсгалж буй агаарын чанарын тухай мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.

“Нэг ч хүүхэд хорт утаагаар амьсгалах ёсгүй. Нэг ч улс орон агаарын бохирдлыг үл хайхрах ёсгүй” гэж  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Энтони Лейк хэлэв.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх