0-1 нас хүртэл

image

Хүүхдийн хөгжлийн хурд урд саруудынхыг бодвол бага зэрэг удаарширсан ч хөгжил харьцангуй хурдан хэвээр байна. Урт нь сард 1,5 - 2 см, жин нэмэгдэлт сар тутам 50гр-аар буурна. 1 настай болоход дунджаар төрсөн уртаасаа 25 см, төрсөн жингээсээ 7150 гр нэмэгдэнэ.

6-8 сартай хүүхдийн хөдөлгөөний хөгжил хурдтай явна. 6 сартайгаас шүд ургаж эхлэх ба бие даан сууж, 7 сартайдаа мөлхөж, юм түшээд зогсож, сууж байхад нь гараас татахад босно. Сэтгэхүйн хөгжилд маш их ахиц гарна. 6-8 сартайдаа эд зүйлсийг барьж авна, хөлийн хуруунуудаа хөхөж биеийн хэсгүүдээ судална. Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харна. Усаар сайн тоглоно. Зарим эд зүйлийг таньж дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна. Аав, ээж гэх мэт богино үетэй үгүүдийг хэлж сурна.

Нийгэмшихүйн хөгжлийн эхлэл тавигдаж эцэг эх болон гэр бүлийн гишүүдийг танина. Ах, эгч нартайгаа тоглох дуртай байна. Танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ.

9-11 сартайдаа юм түшиж хажуулдаж явна, жижиг зүйлийг эрхий болон долоовор хуруугаараа барьж сурна. 11-12 сартайдаа 8 шүдтэй болж ганцаараа зогсож бие даан анхны алхмаа  хийнэ.

Сэтгэхүйн оюун ухаан, нийгэмшихүйн хөгжил сайжирна. Ямар нэг нүх рүү хуруугаа хийх дуртай болно. Савыг юмаар дүүргэх эсвэл асгах дуртай болно. Хөгжмийн аянд биеэ хөдөлгөн  найгаж цогино. Өөрийн нэрийг мэдэх ба тоглоомоор тоглож чаддаг болж 11 сартайдаа үг хэлж, өөрөө аяганаас юм ууж, халбага барьж чаддаг болно. Хэлдэг үгийн тоо нэмэгдэн 2 үетэй үг хэлж сурна. Хүнд дасах нь амархан болно.

Бие гоолиг болж, мөгөөрсөн эд багасан, мөчний ясжилт сайн явагдана. Булчин үе мөчний хөдөлгөөний идэвх сайжирч, уян хатан болно. Тулгуур эрхтэн хөгжиж бүх хөдөлгөөнийг сайн хийдэг болно. 1 насандаа итгэлтэй явж, тэгш биш гадаргуу дээр ч, шатаар ч явж чаддаг болох ба юман дээгүүр алхаж гарч чадна. Хоол боловсруулах систем сайн хөгжиж ходоод 400 мл багтаамжтай болно. Хатуу зүйлийг зажилж идэх нь сайн болно. Төв мэдрэлийн систем хурдан хөгжиж мэдрэлийн эсүүдийн ажиллах чадвар нэмэгдэнэ. Хүүхдийг сэрүүн байх цаг нэмэгдэж унтах цаг нь богиносоно.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх