Хүмүүжил

image

Хүүхэд уур уцаартай болох нь эрүүл мэндийн асуудал гэхээсээ илүү хүмүүжлийн дутагдалтайн шинж тэмдэг байх нь элбэг. Зан аашны хурц хэлбэрийн тусгал ч гэж үздэг. Гэхдээ мэдрэл, сэтгэл зүйн өвчлөл байхыг мөн үгүйсгэхгүй. Хүүхдийн сэтгэл санааны бухимдлыг невроз өвчин талаас нь авч үзье.

Хэрвээ хүүхдийн мэдрэлийн системийн байдлыг графикаар үзүүлбэл өсөх хэлбэртэй муруй байна. Өөрөөр хэлбэл шулуунаар илэрхийлэгдэх боломжгүй гэсэн үг.

Бие организмын хөгжил нь жигд биш, хөгжил аажим явагдаж байгаад огцом өөрчлөлт гарна гэсэн үг. Ялангуяа,

  • 3-5 нас
  • 7-9 нас
  • 12-15 насанд илүү ажиглагдана.

Тийм ч учраас эдгээр үеийг “шийдвэрлэх нас” гэж үздэг. Тархи нь хоёр төрлийн харьцангуй хүнд “өдөөгдөх” ба “саатах” процессыг хийдэг. Саатах гэдэг нь нэг ёсондоо биеэ барих, өөрийгөө хянах үйлдэл юм. Хүүхэд төрөхөд энэ нь гүйцэд бүрэлдээгүй, бүр үүсээгүй байдаг.

Харин амьдралын явц болон хүрээлэн буй орчин, хамт байгаа хүмүүс, тэдгээрийн олгож буй хүмүүжил олгох явцад бүрэлддэг. Гэхдээ харьцангуй удаан бүрэлдэн тогтдог. Сургуулийн өмнөх насанд өдөөгдөх үйлдэл нь илүү түргэн хөгждөг.

 Зарим хүүхдэд орчин солигдох нь таагүй мэдрэмж төрүүлснээр сэтгэл санааны бухимдал буюу невроз үүсгэдэг

Харин сургуульд явсан цаг мөчөөс эхлэн хамт олны дунд орох, биеэ авч явах дадалд суралцаж эхэлнэ. Хүүхэд эргэн тойрныхоо харьцааны хэм хэмжээг хэрхэн зөв ойлгон, хүлээж авч байгаагаас төлөвшилт нь хамаарна. Хүлээн авах буюу өдөөгдөх чадвар нь хадгалагдах боловч, саатлын процесс нь энэ насан дээр харьцангуй сайн хөгжиж эхэлнэ. Яваандаа энэ нь улам бэхжиж, хүүхэд өөрийгөө хянаж, удирдан залах чадвартай болдог.

Энэ үед нэгэн чухал зүйлийг мартаж болохгүй. Хүүхэд сургуульд орсноор нэг талаас бие бялдрын нөгөө талаас орчин солигдсоноос үүдсэн томоохон өөрчлөлт мэдрэлийн системд нь үүсдэг.

Хэсэг хугацааны дараа шинэ орчиндоо дасна. Зарим хүүхдэд орчин солигдох нь таагүй мэдрэмж төрүүлснээр сэтгэл санааны бухимдал буюу невроз үүсгэдэг. Энэ нь хэд хэдэн хэлбэрээр илэрнэ.

Нэг хэсэг нь:

  • Эмзэг
  • Огцом ууртай
  • Аймхай
  • Гомдомтгой
  • Элдэв юм шаарддаг
  • Будлиу, олон юм ярьдаг, гар хуруугаа хөдөлгөдөг
  • Үе тэнгийнхэн болон томчуудтай маргаж хэрэлдэнэ
  • Хичээл дээр үймүүлж, ойр хавийн хүмүүсийг гэмтээнэ
  • Шүүмжлэл хүлээж авахгүй шуугиан дэгдээх зэргээр орчноо тавгүйтүүлдэг байна.

Харин нөгөө хэсэг нь:

  • Сул дорой
  • Сэтгэлийн хөдөлгөөнгүй
  • Бүрэг
  • Ачаалал их үед турж эцдэг
  • Шөнө унтдаггүй, өдөр унтдаг болох зэргээр илэрнэ. Тэд ичимхий, хулчгар, аймхай, бусдаас хөндий, чимээ шуугиантай орчноос хол байх мөн аливаа асуудлыг хүндээр хүлээж авдаг болдог.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх