Хатгалгааны вакцины гурван тунг бүрэн хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно
Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэллээ.
Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авах аж.
Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг юм байна. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна.
Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно.
2019 онд улсын хэмжээнд 74,3 мянган хүүхдийг 3 удаа дархлаажуулахад 202,700 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэл, тээврийн зардалд 2 тэрбум төгрөг шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд вакцинд хамрагдаад байна.
С.Отгонжаргал