fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Монгол Контент” ХХК-аас эрхлэн гаргадаг хүүхдэд зориулсан Маамуу нэвтрүүлгийг МҮОНТ-ээр цацаж эхлэх гэж буйтай холбогдуулан хоёр тал стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар үзэглэв.

Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг есдүгээр сарын 10-наас эхлэн тус телевизээр долоо хоногт хоёр удаа тогтмол цацагдах юм.

Ийнхүү үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан бага насны хүүхдэд зориулсан, үндэсний хэв шинжийг агуулсан, танин мэдэхүйн, өндөр чанартай, бүрэн хэмжээний контент МҮОНТ-ээр тогтмол цацагдахаар боллоо.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц:

-МҮОНТ, Радио өөрөө хүүхдийн нэвтрүүлэг хийдэг, хүүхэлдэйн баатрууд амилуулдаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж байгаа “Монгол Контент” ХХК-ийн Маамуу брэндийг бид Үндэсний олон нийтийн телевизээрээ хүүхэд багачууддаа хүргэх гэж байна. Аами Таами хоёр буюу Маамуу брэндээр дамжуулж монгол хүүхдүүд эцэг эхээ хайрлан хүндэтгэх, мөн өөрсдийн түүх, өв соёлыг шингээсэн орчин үеийн боловсрол, танин мэдэхүйн бүтээлийг талархан хүлээн авна гэж бодож байна.

Бид Маамуу брэндтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Аами Таами хоёр маань цаашид улам бүр хөгжин дэлгэрээсэй гэж ерөөе.

Дашрамд сонирхуулахад, “Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийн студийг иж бүрэн өөрчлөн тохижуулсан бөгөөд шинэ өнгө төрхтэй, хөгжилтэй, сонирхолтой дугаарууд хамгийн олон үзэгчтэй үндэсний телевизээр бяцхан үзэгчиддээ хүрэхээр боллоо.

МААМУУГ ОНЦЛОХЫН УЧИР

Өндөр хөгжилд хүрсэн улс орнуудын жишгээс үзэхэд улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийг үндэснийхээ үнэт зүйлд тулгуурлан хүмүүжүүлэх бодлого барьдаг. Монголд энэ орон зайг дүүргэх бодлого, нэгдсэн төсөл хөтөлбөр үгүйлэгдсээр ирсэнтэй маргах хүн үгүй. Ганц жишээ дурьдахад 2017 онд телевизийн сувгуудаар гарсан хүүхэлдэйн кино нийлүүлэлтийн ердөө 6,3 хувийг Монголын бүтээл эзэлж байна /Телевиз үзэлтийн судалгаа 2017, Максима медиа/. Үлдсэн 92,7 хувь нь гадаад хүүхэлдэйн кино байсан гэсэн үг. Гэтэл хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн судалгаанд хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино 51 хувь байгаа нь уг контентийн эрэлт ихтэйг илтгэж байна.

Мөн улсын хэмжээнд олон нийтийн үнэлэмжээр нэмэх шаардлагатай нэвтрүүлгийн эхний гуравт:

  1. Танин мэдэхүй,
  2. Монгол зан заншил, түүх соёл,
  3. Хүүхдийн нэвтрүүлэг багтжээ.

Үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүүхдийн нэвтрүүлэг, анимэйшн кино бүтээхэд маш их зардал, олон салбарын мэргэжлийн боловсон хүчин, орчин нөхцөл, цаг хугацаа шаарддаг. Ийм ч учраас Монгол Улс шиг цөөн хүн амтай, бага зах зээлтэй оронд төдийлөн ашигтай салбар байж чаддаггүй нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд зайлсхийх шалтгаан болдог гэж болно. Гэтэл энэ хоосон орон зай бага насны хүүхдийг эцэг эхийнхээ гар утас болон дэлгэцтэй төхөөрөмжийг ойроос үзэн насандаа тохироогүй контент үзэж цаг нөхцөөхөд тодорхой түлхэц үзүүлдэг.

Харин “Монгол Контент” ХХК-ийн Маамуу төслийн хүрээнд хийгдэж буй анимэйшн кино, нэвтрүүлэг болон бусад бүтээгдэхүүн шинэ тэсрэлт болж чадлаа.

Үндэсний дархлаа бүрэлдэн тогтоход маш чухал үүрэгтэй, хүүхдийн суурь хүмүүжилд нөлөөлөхгүйц анимэйшн, нэвтрүүлгүүдийг дэлхийн жишигт нийцсэн чанартайгаар бүтээхээр хэрхэн ажиллаж буйг дараах богино дүрс бичлэгээс үзнэ үү.

МААМУУ ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Үндэсний хэмжээний цогц төсөл Маамуу хэрэгжиж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ богино хугацаанд төслийн хүрээнд Аами, Таами буюу Амина, Тамираа гэсэн дүрүүд бүхий цуврал анимэйшн кино, хүүхдийн нэвтрүүлэг, брэнд болон лицензийн бүтээгдэхүүнүүд гарган олны хүртээл болгоод байна.

Монгол хүүхдүүдэд өв уламжлал, мэдлэг боловсролыг үндэсний контентоор дамжуулан хүргэх энэхүү төслийн зорилго зөвхөн биет болон биет бус брэнд бүтээгдэхүүнүүд гаргахаар хязгаарлагдахгүй бөгөөд цаашид сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон хүрээгээ тэлэх юм.

Маамуу төслийн зорилго мөн үндэсний хэв шинж бүхий хүүхдийн контентоор хүүхдийн боловсрол, төлөвшил, танин мэдэхүйн хөгжлийг дэмжин, үүнд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлж, ирээдүйн зөв иргэнийг төлөвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах явдал билээ.

Тус брэндийн үндэсний дүр Аами /эмэгтэй/, Таами /эрэгтэй/ нар нь бяцхан үлэг гүрвэлүүд. Үлэг гүрвэл Монголыг дэлхийд алдаршуулсан шиг Аами, Таами хоёр ч удахгүй дэлхийд танигдсан монгол дүрүүд болох бизээ.

Төслийн хүрээнд хүүхдийн нэвтрүүлэг, анимэйшнээс гадна дараах бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. Үүнд.

Маамуу”-гийн үндсэн бүтээгдэхүүний төрөл:

  • 0-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дотны зөвлөх maamuu.mn вэбсайт
  • “Маамуу” хүүхэлдэйн кино /анимэйшн/,
  • “Маамуу” нэвтрүүлэг,
  • Тоглоом,
  • Ном,
  • Дуу хөгжим

Дээрх үндсэн бүтээгдэхүүнээс гадна “Монос Хүнс”, “Монос Косметикс”, “Ариун” зэрэг үндэсний компаниудтай хамтран лицензийн бүтээгдэхүүн гаргаж байна. Дараах төрлийн лицензийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Үүнд:

  • Арьс арчилгааны бүтээгдэхүүн,
  • Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн,
  • Бичиг хэргийн зүйлс,
  • Хувцас,
  • Хүнс,
  • Хивс.

Мөн Худалдаа Хөгжлийн Банктай хамтын ажиллагаа эхлүүлснээр тус банк хүүхдэд зориулсан Маамуу хадгаламж үйлчилгээнд нэвтрүүлж, төв салбартаа Маамуугийн тоглоомын булан нээгээд байна.

X
Нэвтрэх