fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн эмч, нярайн эмч, АШУ-ны магистр, Эх Хүүхдийн Эрүүл мэндээр мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн магистр, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х. Мөнгөнцэцэгтэй /MD, MPH, MSc, LC/ ярилцлаа.

Тэрээр Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Хойд Каролинагийн Их Сургуулийн Гиллингс Олон Улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд Эх хүүхдийн Эрүүл мэндээр нийгмийн эрүүл мэндийн магистрыг хамгаалж, хөхөөр хооллолтын зөвлөх мэргэжлээр суралцаж төгсчээ. Түүнтэй хөхөөр хооллолт, бага насны хүүхдийн хооллолт, төрсний дараах эхийн сэтгэл гутралын талаар ярилцлаа.

Хүүхдийг хэрхэн нэмэгдэл хоолонд оруулах ёстой байдаг юм болБид бантан эсвэл махны шөлөөр бор хоолонд оруулдаг уламжлалтай шүү дээ.
- Өмнө нь хэлсэнчлэн ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу 6 сар хүртэл нь дан хөхөөр хооллохыг зөвлөдөг. “Дан” хэмээн тодотгож байгаа нь ус, чихэртэй байхуу цай, үнээний сүү болон найруулдаг сүү өгөхгүйгээр дан эхийн хөхнөөс хөхний сүүгээр хооллоно гэсэн үг. Манайхан “ам нь цангаж байгаа байх” гээд ус өгнө, “өнгөр тогтоно” гээд чихэртэй байхуу цай өгдөг. Энэ нь буруу юм. Миний хувьд  хүүхдийг нэмэлт хоолонд хэрхэн зөв оруулах, бага насны хүүхдийн хооллолтын чиглэлээр давхар суралцсан.

Хүүхдийн гэдсэнд өнгөр тогтоож, эрүүл байлгадаг гол зүйл бол эхийн хөхний сүү юм. Хүүхэд зургаан сартайгаасаа хойш өөр төрлийн хоол хүнсийг идэх гээд өөрөө сонирхоод эхэлдэг. Энэ үеэс нь хүүхэд гартаа бариад идэж болох, хахахааргүй бүхэл хоол буюу ногоо, жимс, мах зэргийг нэмэлтээр өгч бор хоолонд оруулах нь зөв юм. Гэтэл ээж, аавууд маань хүүхдийг цадаж байгаа эсэх, дуртай дургүйг нь үл харгалзан шууд ам руу нь хийж, халбагадаж хооллох гээд байдаг. Ер нь хүүхдийг өөрийнх нь хүслээр хүссэн буюу өлссөн үед нь хооллох ёстой. Цагт захирагдаж, тогтсон цагаар хөхүүлж, хооллох бус хүссэн үед нь хооллох нь зөв. Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахдаа заавал эхэлж тийм төрлийн хүнс өгөх ёстой гэсэн нотолгоо байхгүй. Ихэнхдээ тухайн гэр бүл өөрсдийн түлхүү хэрэглэдэг хоол хүнсээр эхэлж оруулдаг. 

Сүүлийн үед ээжүүд хүүхдээ хэрхэн нэмэлт хоол өгөх вэ гэдгийг өөрсдөө нарийн сайн судалдаг болсон нь сайшаалтай. Хооллолтын мэргэжилтнүүд хүүхдийг бүх төрлийн хоол хүнсээр бага багаар эхэлж оруулахыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зөвхөн эхний сард нь тараг, дараагийн сараас нь дан бантан, түүний дараа ногоо өгнө гэсэн удирдамж байхгүй. Хооллох хэлбэрийн хувьд ээж, аав нар хоолыг нь зөвхөн халбагадаж өгөх ёстой гэж ойлгодог. Хүүхэд  хоолоо өөрөө гараараа барьж, ам руугаа хийж идвэл бүр ч сайн. Нөгөөтэйгүүр, хүүхдийг багаас нь хэт их хооллоод илүүдэл жинтэй болгох хандлага ихэссэн. Таргалалт нь архаг өвчнүүдийн суурь шүү дээ.  Бас үүний эсрэг хоол тэжээлийн хомсдол гэж бий. Ийм хүүхэд бие махбод нь давжаа байхаас гадна тархины эсүүд тэжээлээр дутсан тохиолдолд оюун ухааны хөгжил, зан араншинд нь нөлөөлдөг. Тиймээс хүүхдийг илүү хооллож болохгүй, дутуу ч хооллож болохгүй. Хэдий хэмжээгээр идэхээ хүүхэд өөрөө танд "хэлнэ". Хөхөөр хооллож байхдаа ч цадах үедээ хүүхэд хөхөө больчихдог.

Хүүхдийг хоёр нас хүртэл нь хөхөөр хоолловол эрүүл мэндэд нь сайн гэдгийг олон ч судалгаагаар баталсан байдаг. Түүнээс ч цааш хөхүүлбэл бүр ч сайн. Дүүтэй болсон ч хоёр хүүхдээ давхар хөхүүлсэн ч болно. Зарим нь  дүүдээ өгөх шим тэжээлийг нь авчихна хэмээн ах, эгчийг нь хөхнөөс гаргачихдаг. Давхар хөхүүлэх нь хоёр хүүхдэд нь хоёуланд нь сайн болохыг судалгаагаар баталчихсан.

Хүүхдэд нухаш гэх мэт чихэрлэг зүйл өгөхөөр бантангаа идэхээ больчихдог шүү дээ.
- Хүүхэд анх удаа амталсан дуртай амтандаа илүү дуртай болчихдог. Би гурван хүүхэдтэй. Гурвууланг нь өөр өөр хүнсээр нэмэлт хоолонд оруулсан юм. Том хүүдээ анх жимс нухаж өгч байсан. Одоо жимс, чихэрлэг амтанд дуртай хүү бий. Охиноо үхрийн махны хар шөлөөр хоолонд оруулж байсан. Мах, шөлөнд дуртай. Бага хүүгээ ногоогоор оруулсан, одоо ногоонд илүү дуртай.

Манайхан хөхөнд сүү оруулна гээд шар будаатай сүүтэй цай, цайны боов, жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүн сайн идэх хэрэгтэй гэдэг. Эдгээр нь үнэхээр сүүний гарцад нөлөөлдөг юм уу?
- Ээж хэдий чинээ хөхөө гүйцэд хөхүүлж, сайн суллана төдий чинээгээр хөхөнд сүү сайн ордог. Хөх сулрах бүрд “хөх сүүгүй боллоо шүү” гэсэн дохио тархинд очсоноор пролактин хэмээх даавар ялгарч, хөхөнд сүү шинээр үүсэж байдаг. Энэ зарчмыг мэдэхгүйн улмаас ээжүүд гурилан бүтээгдэхүүн их идвэл, шингэн зүйл их ууж эсвэл унтвал л сүү сайн ордог гэж ойлгосон байдаг. Ажил дээрээ хөхөө саачихвал гэртээ очоод хүүхдээ хөхүүлэх гэхээр сүүгүй болчихно ч гэж зарим нь буруу боддог. Эсвэл ажлын байран дээр нь хөхөө саах боломжтой зориулалтын өрөө тасалгаа байхгүйн улмаас сааж чаддаггүй.

Эмэгтэй ажилтан сүүгээ саах хугацааг нь ажилласанд тооцож, цалинг нь бүтнээр нь олгож байх ёстой. Ажлын албан тасалгаандаа хаалгаа цоожилж, эрэгтэй ажилчдаасаа нуугдаж, эсвэл хүний өтгөн, шингэний дусал агаарт дэгдэж байдаг бие засах өрөөнд бол бүр ч байж болохгүй

Хүүхдээ 2 нас хүрэхээс өмнө ажилдаа орсон эмэгтэй хүн 1,5-2 цаг тутамд хөхөө саах ёстой. Хэрэв тэгэхгүй бол ээжийн хөх чинэрч, хөхний сүүний нийлэгжилт буурахаас гадна биед маш тавгүй байдаг. Тухайн эмэгтэй ажилтан сүүгээ саах хугацааг нь ажилласанд тооцож, цалинг нь бүтнээр нь олгож байх ёстой. АНУ-ын албан байгууллагуудын оффис бүрд ээжүүд хөхөө саах тусгай өрөөтэй байхыг шаарддаг. Ажлын албан тасалгаандаа хаалгаа цоожилж, эрэгтэй ажилчдаасаа нуугдаж, тэр тусмаа хүний өтгөн, шингэний дусал агаарт дэгдэж байдаг бие засах өрөөнд бол бүр ч байж болохгүй. Хэдийгээр манай улсад амаржсаны дараах амралт 2-3 жил байдаг ч хүүхдээ 6 сар хүрээгүй байхад нь ч ажил, сургуульдаа эргэн орох тохиолдол цөөнгүй бий.

Хөхүүл эмэгтэй хүнд “горьдох” гэж нэг асуудал бий шүү дээ.
- Ээжийн сэтгэлзүйн байдал хөхөнд нь шууд нөлөөлж байдаг. Жирэмсэн үед ба төрсний дараа дааврын улмаас эхийн сэтгэлзүй маш эмзэг байдаг. Сэтгэл санааны байдал, дархлаанаас шалтгаалан эхийн хөх үрэвсэж хавдаж болох ч горьдсоныг нь гаргана гээд хуурах, элдэв домын арга зөв эмчилгээ биш юм. Хэрэв хөх зангирсан болон үрэвссэн тохиолдолд заавал мэргэжлийн хөхний эмч, хөхөөр хооллолтын зөвлөх эмчид хандаж зөвлөгөө авах ёстой.

Төрсний дараах сэтгэл гутралын улмаас болчимгүй үйлдэл гаргаж байгаа ээжүүдтэй холбоотой харамсалтай хэргүүд сүүлийн үед дуулдах боллоо. Ер нь ээжийг сэтгэл гутралд оруулахгүйн тулд гэр бүлийн дэмжлэг хамгаас чухал байх. Энэ талаар?
-“Төрсний дараах сэтгэл гутрал” нь бие даасан эмгэг. Манайд үүнийг хожуу оношлох, оношилж чадахгүй, тусламж үзүүлж чадахгүй тохиолдол их бий. Төрсний дараах сэтгэл гутрал маш түгээмэл. Жишээ нь би анхны хүүхдээ төрүүлчихээд сэтгэл гутралд орсон байсан гэдгээ хожим нь мэдсэн. Тухайн үед би мэргэжлийн эмчид хандаагүй. Төрсний дараах сэтгэл гутрал нь эмнэлгийн тусламж үйлчилгээ муу, иргэдийн нь эрүүл мэндийн боловсрол нь хангалтгүй оронд элбэг тохиолддог. Ээж сэтгэл гутралаасаа болж хүүхдээ гэмтээж, цаашлаад өөрийн амиа хорлох ч эрсдэлтэй. Нөхөр нь сэтгэл гутралыг нь ойлгохгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гээд олон сөрөг үр дагавартай. Мөн ээж хүүхдээ хөхүүлэхгүй, живх нь бохирдсон байхад солихгүй гэх мэтээр хүүхдээ үл хайхрах үйлдлүүд гаргадаг. Тиймээс төрсөн эхэд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн л бол өрхийн ба сэтгэц эрүүл мэндийн эмчид заавал хандах ёстой.

Хэдийгээр шинэ хүнтэй болох нь амьдралын аз жаргалтай үйл явдал болов ч ээж сэтгэл зүй, бие махбодын хувьд маш их ядардаг, мөн цочрол авсан байж болдог. Энэ үед нь хамгийн ихээр туслах ёстой хүн бол хань ижил нь юм.

Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж болно. Төрсний дараа ээжид нөхөр болон гэр бүлийнхний тусламж, дэмжлэг маш чухал. Хэдийгээр шинэ хүнтэй болох нь амьдралын аз жаргалтай үйл явдал боловч ээж сэтгэл зүй, бие махбодын хувьд маш их ядардаг, мөн цочрол авсан байж болдог. Энэ үед нь хамгийн ихээр туслах ёстой хүн бол хань ижил нь юм. Аав өөрөө хүүхдээ хөхүүлж чадахгүй ч гэсэн бусад бүх зүйл дээр эхнэртээ тусалж, дэмжиж болно. АНУ-д хийгдсэн судалгаагаар нөхөр нь эхнэрээ байнга дэмжиж тусалж халамжилбал ээжийн сүүний гарц сайн, сэтгэл санаа тайван байдгийг нотолсон. Бид адилхан л хүмүүс, ямар ч нийгэмд гэр бүлийн харилцаа адилхан шүү дээ.

Энэ асуудлыг уг нь нийгмийн халамж, үйлчилгээгээр шийдсэн жишээ бий. Швед улсад хүүхэд төрсний дараа ээж, аав хоёуланд нь бүтэн нэг жил 100 хувийн цалинтай чөлөө олгодог. Харин манайд бол аавд 14-хөн хоногийн цалинтай чөлөө олгодог шүү дээ. Мэдээж эдийн засгийн чадамж нь харилцан адилгүй орнууд л даа. Эцэг, эх бие биедээ туслах, хүүхдээ хамтран өсгөх боломжийг улсаас нь бүрдүүлсэн хэрэг. Бид ч гэсэн сар бүр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байгаа тул ийм нөхцөлийг шаардах эрхтэй, бий болгохын төлөө ажиллах ёстой. Тэгэхээр төрсний дараах эхийн сэтгэл гутрал бол дан ганц тухайн гэр бүлийн ч асуудал биш нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, төрсний дараах тусламж үйлчилгээ гэх мэт өргөн хүрээг хамарна.

Ярилцсанд баярлалаа.

X
Нэвтрэх