fbpx

Хүмүүжил

image

Хөгжлийн бэрхшээл, аутизм, саажилт болон бусад эмзэг өвчлөлтэй хүүхэдтэй ээж аавуудад зориуллаа.

1. Гэр бүлээсээ хүүхэд анх харилцаанд орж, нийгмийн харилцааны дадал туршлагын суурийг олж авдаг. Эцэг эхийн харилцаа нь хүүхдэд шууд нөлөөлдөг. Тиймээс хүүхэдтэйгээ харилцахад таны сэтгэлийн хат, өөдрөг байдал болон хүндлэл, хүлээцтэй байдал чухал. Та өөрийнхөө харилцааг хөгжүүлж, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх арга хэрэгслийг уйгагүй хайгаарай.

2. Хэт их анхаарал тавьж, цагдах нь бие даахад нь саад болдог. Мэдээж хэрэг хүнд хэцүү цагт хүүхэд үнэхээр чадахгүй байхад бид байнга л өмнөөс нь хөдөлж, хийж, ярьж байдаг. Энэ нь зуршил болдог. Мөн хүүхдээ эвий хөөрхий, бусдаас ийм тийм гэж байнга аргадаж байдаг. Та анзаараарай. Хүүхэд тань өөрийгөө бусдаас өөр гэдгийг огтхон ч мэдрэхийг хүсдэггүй. Харин гэр бүлийнхэн нь өөртэй нь хэвийн хүүхэд шиг, бас илүү ойлгож ярилцаж, ээнэгшүүлж харилцахыг л хүсдэг. Чи чадна гэдэг урам зориг, итгэлийг танаас л харж хүлээж байдаг. Та хүүхдийнхээ эмзэг байдалд автан сэтгэл санааны хүч чармайлт гаргуулалгүй тайвшруулах гэж оролдох тусам, хүүхэд тань уур уцаартай, зөрүүд болох болно.

3. Нийгмийн орчин, урлаг уран сайхан, спорт олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүд хоцрох ёсгүй. Харин ч өөрийн байж болох хугацаагаараа байж, олны дунд байгаагаа мэдэрдэг байх нь сэтгэл зүйн маш том итгэл төрүүлдэг гэдгийг санаарай. Аль болох л хүмүүсээс хол, хэдхэн газраар тойруулж дагуулж явах тусам хүүхэд сэтгэлийн ганцаардал мэдэрсээр байдаг. Хүмүүстэй танилцаж, өөрөө ярьж чадахгүй байсан ч жаахан дохиж, ичингүйрч байгаа тэр бяцхан энхрий нүд хэчнээн их баярлаж дотроо урам авч, зориг орж байдаг гээч.

4. Зарим үед өрөвдөх сэтгэлээс илүү шийдэмгий байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Харин анхаарал, халамж хэтэрвэл хүүхэд үг даахаа байдаг. Хэт энхрийлэх, сайхан харилцааг зарим үед дарж байх нь зүйтэй юм. Мэдээж хэрэг хатуу ширүүн үг хэлж, үгээ захирангуйгаар тулга гэсэн үг биш юм. Аливаа үйлдлийг хамтран хийж, дэмжиж тусалж, дараа нь "чадна гэдгийг чинь мэдсэн юмаа" гэдэг урмын үгнүүдийг хэлээрэй.

5. Хүүхдийн төлөвшилд өнгө ба дуу авиа, дүрс зэрэг танин мэдэхүйн зүйлс чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүн байгалийн үзэсгэлэн, сүм хийд, музей, номын сан зэргээс оюуны өндөр таашаал авдаг байна. Жишээ нь: уран зургийн үзэсгэлэн байж болох юм. Хүүхэдтэйгээ хамт боломж л олдвол дээрх газруудаар хамтдаа зугаалж, танилцаж байж болох юм. Ямар нэгэн зүйлд эмзэглэх, биеийн зовиур, сэтгэлийн шаналлаа түр мартах арга хэрэгсэл ойрхон бий. Мөн надад боломж бий, надад сонголт бий, миний аав ээж намайг гэртээ хорьж өрөвдсөн нүдээр ширтэх биш, өөр хэрэгцээнд тулгуурласан зорилготой амьдрал бий болгоход нь тусалдаг.

Үр хүүхдийн тань эрүүл энх, амар амгалан, итгэл найдвар, урам бүхний ард таны тэсвэр хатуужил, сайхан сэтгэл л байдаг. Үр хүүхдийнхээ төлөө хийж буй энэ их буян, зориулж буй халуун сэтгэл, тэвчээр хатуужил тань бат байх болтугай гэж ерөөе.

https://www.facebook.com/GBHSBDT/

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх