fbpx

Халдварт өвчин

image

Гахайн хавдар нь өвчтэй хүнээс амьсгалын замаар халдварлаж, чихний ар, өмнөд талын шүлсний булчирхайг ихэвчлэн гэмтээдэг халдварт өвчин юм.

Өвдсөний дараа насан туршийн дархлал үүсгэдэг тул дахин өвдөхгүй.

Илрэх шинж тэмдэг

Халдвар авснаас хойш нууц хугацаа 11-23 хоног байх ба энэ хугацаанд толгой өвдөх, ядарч сульдан хоол нойрондоо муудаж болно.

Даамжирч буйг илтгэх шинж тэмдгүүд

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Бөөлжих
  • Ам хатах
  • Амаа ангайх, юм зажлахад чихний орчим хөндүүрлэж өвдөх
  • Чихний ар, өмнөд хэсгийн шүлсний булчирхай томорч хавдах нь энэ өвчний онцлог шинж юм. Хавдрыг харахад чихний арын хонхрыг дүүргэсэн хавдар шанаа, хацар, хүзүү рүүгээ тархаж, тэмтрэхэд өвдөж эмзэглэнэ.
  • Хавдар гол хэсэгтээ хатуу, зах руугаа зөөлөн байх ба арьсны өнгө өөрчлөгдөхгүй
  • Мөн хэвлийгээр өвдөж, хөвгүүдэд хуухнаг улайж, төмсөг хавдаж болно.

Хүндэрсэн үед ямар эрсдэл авчирдаг вэ?

  • Гахайн хавдар өвчнийг үүсгэгч вирус нь шүлсний булчирхайгаас гадна цусаар дамжиж бусад эрхтнүүдийг үрэвсүүлдэг.
  • Тархи нугасны эмгэг буюу менингитээр өвдөх
  • Хөвгүүдийн төмсөг үрэвсэх, улмаар хатингаршиж, үргүй болох
  • Чих дүлийрэх зэрэг эрсдэлтэй

Гахайн хавдар туссан үеийн асаргаа

  • Хүүхдийг 7-9 хоног сургууль цэцэрлэгээс нь чөлөөлүүлж, гэрт нь бусад хүмүүсээс тусгаарлана.
  • Хэвтрийн дэглэм сахиулах
  • Эрдэс, амин дэмээр баялаг хоолыг нухаж, жижиглэж өгөх
  • Хавдсан хэсэгт эмчийн зөвлөсөн уусмалаар жин тавих
  • Өрхийн эмчийн заавраар эмчилгээг хийлгэх ба эдгэрсний дараа нэг сарын хугацаанд эмчийн хяналтанд байлгана.

Урьдчилан сэргийлэх

Амны хөндийн ариун цэврийг сайн сахиж, хүн бүр тус тусдаа аяга халбага, сойзтой байх хэрэгтэй.

Бусад орнуудад гахайн хавдраас сэргийлэх тарилга хийдэг ч манай оронд хийдэггүй.

Зөвлөх: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага /Гарын авлага/

X
Нэвтрэх