fbpx

Мэдээ, мэдээлэл

image

УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүд Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай” хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн гол зохицуулалт нь юу байх вэ?         
-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж ажилласны үндсэн дээр боловсруулан УИХ-ын гишүүдийн хамт өргөн барилаа. Энэ хуулийн зорилго нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, хязгаарлах, хориглох, тухайн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүнэ.

Манай улсын хууль, тогтоомжид нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг тусгахдаа зохицуулах харилцааг хэт явцуу тодорхойлсон байдаг. Үүнээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн дунд тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, шинэ технологи нэвтрүүлэхэд хууль эрх зүйн цогц арга хэмжээ дутагдалтай байгаа юм.

Тиймээс эдгээр асуудлын шийдлийг тусгасан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэлгийн эс авах, үр хөврөлийг хадгалах, хөлдөөх, гэсгээж суулгах, устгах зэрэгт тавигдах шаардлагуудаас гадна донороос бэлгийн эс авах, үр шилжүүлэн суулгах асуудлын зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй ч аль хэдийнэ бий болчихсон тээгч эхтэй холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг оруулсан байгаа.

Тухайлбал, тээгч эхээр хүүхдийг тээлгүүлэн төрүүлэх харилцаанд тавигдах шаардлага, захиалагч эцэг, эх болон тээгч эхэд тавигдах шаардлага, тэдний хооронд байгуулах гэрээнд зайлшгүй тусгах заалт, тээгч эхээр хүүхэд төрүүлэхэд хориглох зүйл, үүний нууцлал зэрэг зохицуулалт орсон.

-Ийм хуультай болохын ач холбогдол нь юу вэ?
-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар нэгдүгээрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна.

Хоёрдугаарт, үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ.

Гуравдугаарт, гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хөрөнгөө хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ. Манай улсын иргэд гадаад улсад эмчилгээний виз мэдүүлэн эмчилгээнд явах тохиолдол маш өндөр тоотой байдаг. Солонгосын нэг эмнэлэгт 900 гаруй хүн жилдээ хандсан байна гэсэн албан бус мэдээлэл байна.

ТЭЭГЧ ЭХ НЬ ТЭЭЛГЭГЧ ТАЛЫН ОЙРЫН ХАМААТАН САДАН БАЙНА

Үргүйдлийн орчин үеийн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал (үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донор)-ын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна. Мөн энэ үйл ажиллагаа хууль ёсны болсоор эмч нарын мэдлэг чадвар, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа олон улсын стандарт, шаардлагад нийцэхийн хэрээр гадаадын иргэд манай улсад ирж үйлчлүүлэх, үүнийг даган манай улсыг чиглэсэн валютын урсгалч нэмэгтэй боломжтой юм.

-Монголд нөхөн үржихүйн тулгамдсан ямар асуудал байна вэ?      
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэдхэн хоногийн өмнө “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эндээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын дийлэнх нь бөөр, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал байгаа нь харагдсан. Үргүйдэл нь эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулахгүй ч хувь хүний нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдал, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг эмзэг асуудал. 2010 оны байдлаар дэлхий даяар 48.5 сая хос, хөгжиж буй орнуудад дөрвөн хос тутмын нэг нь үргүйдэлтэй нь тогтоогдсон судалгаа байдаг.  Манай улсын хувьд түүврийн аргаар 4000 хүнээс судалгаа авахад 7.5 хувь нь үргүйдэлтэй гэсэн дүн гарсан.

Судалгаанд хамрагдаагүй, далд байгааг тооцвол 10-11 орчим хувь нь үргүйдэлтэй гэж үзсэн байна. Насны ангиллаар нь авч үзвэл 25 хүртэлх насанд 3.7 хувь, 25-29 насанд 4.7 хувь зэргээр нас ахих тусам үргүйдлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Манай улсын үргүйдэлтэй иргэдийн дийлэнх нь 30-44 насны хүмүүс байна. Үүний 35 хувь нь эрэгтэй хүнээс хамааралтай байна.

Судалгааны үр дүнгээр үргүйдлийн хамгийн том шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин болон химийн хортой нөхцөлд ажиллах байсан. Иргэдийн хоол хүнсний зохистой хэрэглээнээс үүдэлтэй шалтгаанууд ч байна.  Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалахын тул төрөл бүрийн химийн бодис ихээр хэрэглэдэг. Энэ бүхэн үргүйдэлд нөлөөлдгийг мэргэжлийнхэн хэлдэг.

-Тээгч эхийн асуудлыг анх удаа хуульчлах гэж байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах ямар бодит нөхцөл шаардлага бий болсон бэ?       
-Хуулийн төсөлд зөвхөн тээгч эхийн асуудлыг тусгаагүй гэдгийг дахин хэлмээр байна. Манай улсад нөхөн үржихүйн эрхтэний тогтолцооны өвчлөлөөс хамааран үргүйдэл болон хүүхэд тээхэд харшлах шалтгаанууд үүссэний улмаас тээгч эхээр хүүхэд тээлгэж, төрүүлэх харилцаа бий нэгэнт болчихсон. Тээгч эх хүүхэд тээлгэх, нөхөн үржихүйн бусад аргыг хэрэглэн хүүхэдтэй болохоос аргагүй нөхцөл байдалтай олон хүн байна. Тухайлбал, хавдраар өвдөж, химийн эмчилгээ хийлгэвэл өндгөн эс дахиж боловсордоггүй. Тиймээс тухайн өвчтөнийг химийн эмчилгээнд орохоос өмнө өндгөн эсийг хөлдөөж, хадгалаад өндгөн эсийн банк үүсгэнэ.

Химийн эмчилгээгээ хийлгэж, хавдраа эмчлүүлсний дараа хөлдөөж, хадгалсан өндгөн эсийг ашиглаад тухайн хүнийг хүүхэдтэй болгох боломжтой болох юм. Тээгч эхийг хэрхэн сонгох, ямар хүн тээгч эх байх ёстой гэдгийг хуульд маш тодорхой зааж өгнө.

Хүн бүхэн тээгч эх байхгүй. Тээгч эх нь өмнө нь хүүхэд төрүүлсэн, тээлгэгч талын ойрын хамаатан садан байхаар төсөлд тусгасан. Эмнэлэг өөрөө тээгч эхийг санал болгох, тээгч эх болох хүний нөөц бүрдүүлэхийг хориглоно. Хэрэв тэд хэн нэгнийг санал болгох эрхтэй болбол тээгч эх болж хүүхэд тээх нь мөнгө олох арга хэрэгсэл гэж үзнэ. Ийм байдалд хүргэхгүйн тулд гэр бүлүүд тээгч эхээ өөрсдийн төрөл садны хүмүүс дотроос сонгоно. Төрөл садангаас боломжтой хүн байхгүй эсвэл татгалзаж буй тохиолдолд бусдын бэлгийн эсийг тухайн хүний зөвшөөрөлтэйгээр донор болгон авч болно

Тээгч эхээс төрсөн хүүхэд аав ээжийнхээ нэрээр овоглож чаддаггүй. Тухайн төрсөн ээжээрээ төрсний гэрчилгээ авдаг учраас жинхэнэ аав, ээж нь үрчилж авдаг. Энэ мэт бичиг баримтын хувьд зохицуулах шаардлагатай асуудлууд их байна. Эдгээр асуудлыг хуульд тодорхой тусгана.

-Монголд жилдээ хэчнээн хүүхэд тээгч эхээс мэндэлж байгаа тухай статистик бий юү?
-Монголын нийгэм иргэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар харьцангуй хаалттай, байдаг. Бусдаас ичиж зовох, нөгөө талаараа хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас хэдэн хүн тээгч эх болж хэдэн хүүхэд төрүүлж байгаа болон үр цацах, үр шилжүүлэн суулгах аргаар хичнээн эх жирэмсэн болж байгаа талаар албан ёсны тоо мэдээ байдаггүй. Тиймээс хэдэн хүн тээгч эх болсон бэ гэдэг тоо хэлэх боломжгүй. Хуулийн төсөл батлагдсанаар энэ бүхэн албан ёсоор бүртгэгдэж нэгдсэн тоо мэдээ гарч байх юм.

ЭНЭ ТӨСЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

-Монголд тээгч эх болбол ямар урамшуулал, дэмжлэг үзүүлдэг юм бол. Энэ мэт асуудлыг уг хуулийн хүрээнд зохицуулах боломжтой юу?
-Манай улсад тээгч эхтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт одоогоор байхгүй гэдгийг хэлсэн. Гэсэн хэдий ч энэ харилцаа нэгэнт бий болсон нь амьдрал дээр харагдаж байгаа. Тээгч эх болсон хүнд ямар урамшуулал олгох талаар хуулийн төсөлд тусгасан асуудал байхгүй.

Ашиг олох зорилгоор тээгч эх болохыг хуулиар хориглоно. Харин тээгч эхийг хүүхэд тээх хугацаанд нь асаргаа сувилгаа, хөдөлмөр эрхлээгүй байсан хугацааны нөхөн олговрыг тээлгэгч /захиалагч/ талтай тохирсон гэрээний үндсэн дээр олгож болохоор зохицуулалтыг тусгасан. Энэ  гэрээ нь иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд бид хуулиараа гэрээнд заавал тусгах асуудлыг тодорхойлж өгч байгаа юм. Мөн тээгч эх нь жирэмсний хугацаанд байгалийн жамаар жирэмсэлсэн эхийн адилаар төрөөс олгох тусламж, тэтгэмжийг авах эрхтэй юм. Хөдөлмөрийн харилцаанд ч гэсэн жирийн эхийн адилаар оролцоно.

-Гадаад улсын иргэн тээгч болох эсэх харилцааг хэрхэн зохицуулсан бэ?
-Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэнээр хүүхэд тээлгэх, тээгч эх болохыг хориглохоор тусгасан байгаа. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүн эдгээр хүмүүс хооронд тээх, тээлгэх асуудал бол хориглогдоогүй.

-Гаднын орнуудад тээгч эхийн асуудлыг зохицуулдаг эрхзүйн баримт бичгүүд байдаг уу?          
-Бид хуулийн төсөл боловсруулах явцад гадаад орны хууль тогтоомжуудыг нэлээд судалсан. Тухайлбал Энэтхэг, ОХУ, АНУ, ИБУИНВУ, Герман, Солонгос, Франц, Тайланд зэрэг улсын нөхөн үржихүйд туслах аргыг хэрэглэх, үр шилжүүлэн суулгах болон тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцаа нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй харилцаа болох нь судалгаагаар ажиглагдсан. Гаагийн бага хурлын Байнгын товчооноос мэдээлснээр тус үйл ажиллагаа нь 2006-2010 оны хооронд 10 дахин өсөж, энэ харилцаа нь бизнесийн шинжтэй болж байна.

Тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцааг хүлээн зөвшөөрдөг, зөвшөөрдөггүй орнуудын судалгаанаас харахад ихэнх улс орнууд ашгийн бус хүмүүнлэгийн зорилгоор тээгч эх болох, тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх явдлыг хууль ёсны гэж үзэж байгаа бол Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг оронд аль ч тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй байна.

Эдгээр улсаас Энэтхэг Улсад 2002 оноос төлөөлөн төрөх явдлыг ашиг олох зорилгоор хэрэгжүүлэх боломжтойг хуульчилж өгсөн байна. НҮБ-ын 2012 оны судалгаагаар Энэтхэгт жилд дунджаар 3000 орчим үргүйдлийн эмчилгээний байгууллага тээгч эхээр дамжуулан 400 сая ам.долларын ашиг олдог байна. Энэтхэгт тээгч эхийн авч буй хөлс нь дэлхий нийтийнхтэй харьцуулахад 1/3-аас 1/5 буюу 3-5 мянган ам.доллар байх бөгөөд энэ нь тэдний 6-8 жилийн орлоготой тэнцдэг байна.

Оросын Холбооны Улсад тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэхтэй холбоотой харилцааг 1995 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд тусган хүлээн зөвшөөрч, энэ хуулийг 1996 оноос дагаж мөрдсөн байна. БНСУ тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэх харилцааг зохицуулсан бие даасан хуульгүй боловч тээгч эхээр хүүхдээ тээж төрүүлэх асуудлыг хуулиараа хориглоогүй зэрэг олон улсын судалгаа хийгдсэн.

-Энэ төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ?
-Энэ удаагийн Улсын Их Хурлын хаврын чуулган зургаадугаар сарын 29-ний өдөр хаалтаа хийнэ. Тэгахээр үүнээс өмнө бол хэлэлцэж амжихгүй байх. Ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллах болно.

Сэтгүүлч Э.Энхмаа

X
Нэвтрэх