fbpx

Зонхилон тохиолдох өвчин

image

Цус багадалт нь гурав хүртэлх насны хүүхдэд хамгийн элбэг тохиолддог бөгөөд ялангуяа төмөр дутлын цус багадалт илүү түгээмэл.

Учир нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилт хамгийн эрчимтэй явагддаг ба тэрхүү өсөлтийг хангах шимт бодисын шаардлага өндөр байдаг. Нөгөө талаас хоол тэжээлээр авсан төмөр шингэхэд чухал үүрэгтэй ходоодны шүүсний хүчиллэг чанар хүүхдийн нас бага байх тусам сулхан байдгаас төмөр дутлын цус багадалтад хүүхэд маш өртөмтгий байдаг.

ТӨМӨР ДУТЛЫН ЦУС БАГАДАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний цусны ихэнх хэсгийг улаан эс эзэлдэг бөгөөд түүний бүтцийн хамгийн гол хэсэг нь төмөр ажээ. Улаан эсийн үндсэн үүрэг нь эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангах явдал юм. Хүчилтөрөгчөөр хангагдсан эд эрхтэн нь хэвийн үйл ажиллагаа явуулах чадвартай болдог.

Жирэмсний сүүлийн хагаст урагт төмрийн нөөц бүрэлдэн гүйцэд төрсөн хөхүүл хүүхэд 5-6 сар хүртлээ хэрэглэх 300-400 мг төмөр болон эрдэс бодисыг эхээсээ нөөцөлж авсан байдаг. Тэр нөөц зарцуулагдаж дуусах үед хүүхдэд төмөр дутагдаж эхэлнэ. Иймээс 3 хүртэлх насны хүүхэд өдөр бүр 8мг төмрийг хоолоор авах шаардлагатай болдог. Энэхүү авах ёстой төмрийг нөхөж өгөхгүй, эсвэл хоолоор орж буй төмөр нь шингэхгүй /тухайлбал суулгалтын улмаас/ бол төмөр дутлын цус багадалт үүсдэг.

ЦУС БАГАДАЛТ ӨВЧИН ҮҮСЭХ УРЬДАЧ НӨХЦӨЛҮҮД

  • Хүүхдийг эрт хөхнөөс нь гаргах,
  • Нэмэгдэл хоолонд хожуу оруулах,
  • Удаан хугацаагаар нэг төрлийн хоол өгөх,
  • Суулгалт өвчнөөр ужиг өвдөх,
  • Рахит тураал болон цочмог халууралт өвчнүүдээр олон дахин өвчлөх,
  • Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байх,
  • Дутуу төрөх зэрэг болно.

ЦУС БАГАДАЛТ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Өвчний эхэн үед хүүхэд хоолонд дургүй болох, жин буурах, арьс салт бүрхэвч цайх, бие сулрах, нойр өөрчлөгдөх, бага зэрэг халуурах шинж гарна.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦУС БАГАДАЛТ

Дотор нь хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн гэж гурав хувааж үздэг.

  • Хөнгөн хэлбэрийн цус багадалтын үед 3-6 сартай хүүхэд бие нь суларч, хоолонд дургүй болох, царай цонхийх, цочромтгой болсныг анзаарч болно. Ялангуяа хүүхдийн гарын алга, чихний дэлбэн цайдаг. Эх та хүүхдийнхээ гарын алгыг тэнийлгэж, өөрийнхөө алгатай харьцуулж хараарай. Хүнд хөнгөнөөс хамаарч хүүхдийн алга их бага хэмжээгээр цайсан байвал цус багатайн шинж.
  • Цус багадалт дунд зэргийн явцтай үед хүүхэд их сул, орчиндоо сонирхол муутай, хөдөлгөөн удаан, уйланхай, хоолонд бүр ч дургүй болсон байдаг. Арьс хуурай цайвар, хэл өнгөртэй, хэлний үзүүрийн хөхлөгүүд хатангиршиж гөлийсөн байдаг. Эдгээр шинж цус багадалт хүндэрч байгааг болон эмчлэх хэрэгтэйг илтгэнэ.
  • Хүнд цус багадалтын үед дээрх шинж тэмдгүүд илрэхээс гадна хоёр хөлийн шилбэ хавантай байгааг мэдэж болно. Хүүхдийн хөлийн шилбэний дээд хэсэгт эрхий хуруугаар хэдэн секунд дараад авахад шилбэн дээр үүссэн хонхор арилахгүй үлдвэл хүүхэд хавантай гэсэн үг.

Цус багадалтын хөнгөн хэлбэрийг төмрийн бэлдмэл уулгаж гэрээр эмчилдэг бол дунд, хүнд хэлбэрийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай.

ЦУС БАГАДАЛТААС СЭРГИЙЛЭХ

  • Дутуу төрөлтөөс сэргийлэх,
  • Жирэмсэн үедээ амралт, хоол, өдрийн дэглэмийг зөв зохицуулан агаарт сайн явж, жирэмсэн ба хөхүүл эхчүүд төмөр - фолийн хүчлийн тунг зааврын дагуу уух.
  • Дутуу төрсөн хүүхдэд хоёр сартайгаас нь төмөр - фолийн хүчлийн жижиг шахмалыг өдөрт нэг удаа, 100 хоног уулгах,
  • Хүүхдийг 4-6 сартайд нь нэмэгдэл хоолонд заавал оруулж, хоолыг зв бэлтгэж, зөв өгч долоон сартайгаас нь бор хоол идүүлэх,
  • Рахит, тураалыг эрт оношлон эмчилж, хүүхдийг агаар усар чийрэгжүүлэх нь цус багадалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага /Гарын авлага/

X
Нэвтрэх