Сургуулийн өмнөх нас, ялангуяа 5-6 насны хүүхдэд хэл ярианы бэрхшээл тохиолдох нь элбэг. Учир нь тэдний өгүүлэх эрхтний тогтолцоо буюу дохионы хоёр дахь системийн үйл ажиллагаа нь сэтгэхүйн хөгжлийнхөө хурдыг гүйцэхгүй байж магадгүй тийм үе шат.
Хүүхэд энэ үедээ ээрэх, түгдрэх, эсвэл тухайн асуудлаар ярихаа бүр хойш тавих нь бий. Энэ үед нь эцэг, эхчүүд онцгой мэдрэмжтэй хандахгүй бол сэтгэхүйн хийгээд улмаар сэтгэцийн согог болон үлдэж магадгүй.
Хүүхэдтэй ярихгүй байсаар байгаад түүнийг байнга ганцаардуулсны улмаас ярих чадваргүй болгож (хүний ярих бол нохой хуцах, шувуу жиргэхээс огт өөр зүйл), энэ нь цаашлаад сэтгэхүйд нь нөлөөлж болно. Харахад хөөрхөн хүүхэд атал ярихдаа нүүр нь улайж, амаа ангалзуулаад хоцорвол юу нь сайхан байх билээ.
Хүн ярихад 100 орчим булчин ажиллаж байдаг бөгөөд энэ үйл ажиллагаа жаахан л доголдвол ярьж чадахгүй. Хэл, сэтгэхүй хоёр шууд холбоотой учраас бие эрхтнээс гадна ярина гэдэг бол сэтгэхүйн үзэгдэл болохыг анхаарах ёстой. Энэ насны хүүхэд ер нь ээрэх, гацах хандлагатай байдаг боловч нэг их удалгүй хэвийн болж 75 хувь нь дажгүй сайхан ярьдаг хүн болдог.
Ээрүү тультраа хэлтэй хүүхдээр түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үгийг хэлүүлж сургаарай.
Ээрдэг байсан ч дуу дуулахдаа ер дажгүй байх бөгөөд ганцаараа ярихыг нь анзааран сонсоод үзээрэй. Аягүй бол ээрэхгүй л байгаа.
Тийм учраас ээж, аавууд хүүхдийг ямар нэг асуудлаа ярихыг шахах, ярьж эхлэнгүүт яриаг нь таслах, агуулга болон хэллэгийг нь гоочлох, дооглох, эсвэл бүр өөгшүүлэн өхөөрдөж болохгүй.
Түүнийг байнга дагуулан хэлүүлж, зөвөөр ойлгуулан засч хэлж өгөх, давтуулан хэлүүлэх, өөрөө зөв сайхан ярьж, хэлж үзүүлсэн нь дээр. Харин танай хүүхэд ярихдаа хэтэрхий их хүч гаргаж, гар хөл, биеэ бүхэлд нь хөдөлгөж хүчлэх, нүүр нь улайх юм уу, энэ байдал хоёроос дээш сар үргэлжилбэл мэргэжлийн эмч буюу согог зүйчид хандах хэрэгтэй.
Эх сурвалж: "Аав, ээжийн ном" Хүүхдийг ивээх сан