fbpx

Ээж, аавуудад

image

Зургаан долоо хоногийн өмнө амаржсан Шине Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ажилдаа эргэн орж, түүний найз залуу Кларк Гэйфорд бяцхан охин Неве Тэ Арохагаа гэртээ асран үлдэж байгаа гэнэ.

Ж.Ардерн амаржсаны чөлөө авсан анхны төрийн тэргүүн, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй гэгдэн түүхэнд тэмдэглэгдэж байгаа билээ. Хэвлэл мэдээллээр “Ж.Ардерны жирэмслэлт болон төрөлтийг хэтэрхий онцолж байна, дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд адилхан л төрөөд, удалгүй ажилдаа ордог” хэмээн шүүмжлэх нэгэн байхад түүний найз залуу охиноо асран үлдэж буйг онцлох нэгэн ч байв.

Хүүхдээ өсгөж, асрах ажлыг гол нугалагч нь ээж байна уу, аав байна уу эсвэл эцэг эх хоёулаа байх нь онцын ялгаагүй ч хүүхдээ гэртээ харж үлддэг аавуудын тоо одоо хүртэл цөөн хэвээр л байна. Австралид дөнгөж төрсөн хүүхдийн аавд 2 долоо хоногийн цалинтай чөлөө олгодог ч аавуудын ердөө 4-5 хувь нь л уг эрхээ эдэлдэг талаар Австралийн Гэр бүл судлалын институтээс мэдээлж байна.

Шинэ Зеландад ч ялгаагүй аавуудын 4 хувь нь л хүүхдээ төрсний дараа 2 долоо хоногийн цалингүй чөлөө авах эрхээ эдэлдэг бол Их Британид 2 хувь нь л 2 долоо хоногийн цалинтай чөлөөгөө авдаг аж. Амаржсаны цалинтай чөлөөг ээж эсвэл аав нь олгох үндэсний бодлогогүй дэлхийн наймхан улсын нэг нь АНУ юм.

Түүнээс гадна АНУ амаржсаны чөлөө олгох хуульгүй цорын ганц өндөр хөгжилтэй орон аж. Америкийн зарим муж болон компаниуд дөнгөж төрсөн хүүхэдтэй аавуудад чөлөө олгодог ч “аавын чөлөөгөө” авдаг нь цөөн байсаар байгаа гэнэ.

ААВУУД ЯАГААД ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛДЭГГҮЙ ЮМ БОЛ? 

Санхүүгийн нөхцөл байдал болон соёл, зан заншил үүнд хамгийн ихээр нөлөөлдөг аж. Амаржсаны чөлөө олгох бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй орнууд цалинтай чөлөөг аав, ээж аль алинд нь олгодог.

Германд амаржсаны 14 сарын чөлөөний 2 сарыг аавуудад олгодог болгож хуульчилсанаас хойш дөнгөж төрсөн хүүхдээ асрахаар чөлөө авсан аавуудын тоо 3 хувиас 20 хувь болтлоо өсчээ. Тэгвэл Канадын Квэбек муж мөн адил бодлого хэрэгжүүлж эхэлсэнээр аавуудын 80 гаруй хувь хуулиар олгогдсон чөлөөгөө авчээ. Аавын чөлөө нь олон талын ашигтай болох нь судалгаагаар нотлогдсон юм.

Аавууд ажлаасаа чөлөө авч эсвэл хүүхэд асрах ажилд гол үүрэг гүйцэтгэсэнээр гэр бүл нэгэн бүхэл болохоос гадна гэр орны ажил хосуудад тэнцвэртэй хуваарилагдаж, гэр бүл салалт багасч, хосуудын бэлгийн амьдрал ч сайжирдаг болохыг тогтоожээ. Ийм гэр бүлд өсч буй хүүхдүүд илүү аз жаргалтай, эрүүл байдгаас гадна сурлагадаа илүү амжилт гаргаж, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн ямарваа нэг асуудал багатай байдаг аж.

Эмэгтэй хүүхдүүд тодорхой нэг мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүд эсвэл эрэгтэйчүүд эзэмших ёстой гэсэн тогтсон хэвшмэл ойлголтгүй өсдөг бол хөвгүүд том болоод гэр бүлдээ илүү их цаг гаргаж, хостойгоо маргалдах нь бага байдаг гэнэ.

Түүнээс гадна аавын чөлөө авсан 1 сар тутамд ээжийн ирээдүйн цалийн 7 хувиар өсдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Аав чөлөө авч гэр бүлдээ цаг зарцуулсанаар дөнгөж төрсөн ээжийн сэтгэл санаа сайжирч, аавууд өөртөө итгэх итгэл өндөр, амьдралдаа илүү сэтгэл хангалуун болдог аж.

Эх сурвалж: Guardian 

Сэтгүүлч С.Заяа

X
Нэвтрэх