fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхдийн хоолой болоод ходоодонд тээглэсэн, орсон гадны биет болгон л аюултай. Гэхдээ амь насанд хамгийн хортой нөлөө үзүүлж болзошгүй нь хавтгай зай, бөгж, кольцо байдаг талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн дурангийн эмч Г.Отгонсүрэн ярьсан юм.

-Та бөгж кальцо нь хүүхдийн хоолойд тээглэсэн тохиолдолд маш аюултай байдаг талаар ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
- Эцэг эхийн хараа хяналт, халамжгүй байдлаас хүүхэд элдэв зүйл залгих тохиолдол цөөнгүй гарч байна. Зарим нь хүүхэд хахсаны дараа амьсгал нь чөлөөтэй байвал санаа нь амраад л орхичихдог. Гэтэл төвөнх дээр тээглэсэн зүйлс нь гараад улаан хоолой руу орсныг тэр бүр мэддэггүй. Энэ тохиолдолд бөгж кальцо зэрэг нь дундаа нүхтэй болохоор хоол хүнс саадгүй нэвтэрч байдаг. Гэтэл тээглэсэн зүйл улаан хоолойн ханаар цусыг нь гүйлгэхгүй дарчихдаг учраас холголт үүсгэж улмаар шархлуулна. Шарх үүснэ гэдэг нь судасны хананы бүрэн бүтэн байдал алдагдана гэсэн үг. Тэрхүү хоолой нимгэн учраас амархан цоордог байна. Энэ нь маш аюултай. Улаан хоолойг голтын эрхтэн гэдэг. Голтын идээт үрэвсэл бол маш аюултай өвчин. Энэ нь цусанд халдвар орох эрсдэл бий болгож гол судас, зүрх, уушгинд халдварлаж амь насаа алдах аюул учруулна.

-Тэгвэл хавтгай зайны хувьд хүүхдэд ямар хор хөнөөлтэй вэ?
-Бага насны хоёр ч хүүхэд баттерэй залгисан тохиолдол гарсан. Эцэг эхчүүд нь залгисныг нь ч мэдээгүй бөгөөд ой гарантай хүүхэд нь хоолоо идэж байхдаа бөөлжиж эхэлсэн тэр л үед цочроо авч эмнэлэгт хандсан байна. Зайн дотор химийн түлэгч бодисууд агуулагдсан байдаг бөгөөд залгисан тохиолдолд улаан хоолойн ханыг үрэвсүүлж, шархлуулаад хоол идэхэд өвдөлт өгч, халууруулж эхэлдэг байна. Яг л ийм шинж тэмдэг хүүхдүүдэд илэрсэн аж. Хэрэв онош нь тогтоогдохгүй, энэ байдал цааш үргэлжилсэн бол цагаан болон улаан хоолой нь түлэгдэн нэвт цоорох байсан. Тэдгээр хүүхэд маш олон хагалгааг давж байж эмнэлгээс гарсан. Зарим хүүхэд энэ шалтгааны түлэгдлээс болоод улаан хоолойгоо солиулахад хүрдэг. Бүдүүн гэдэснээс нь авч улаан хоолой солих энэ хагалгааг манайхан амжилттай хийгээд их олон жил болж байна.

-Энэ эрсдэлээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Ер нь бага гэлтгүй том ангийн хүүхдүүд ч хахчихсан ирдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь амандаа элдэв зүйл хийж болохгүйг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд хорвоотой танилцах үедээ амаараа л бүхнийг мэдэрч байдаг. Тэр рефлексийг нас ахих тусам болиулах хэрэгтэй.

ХҮҮХЭД ТАНЬ ЭЛДЭВ ЗҮЙЛД ХАХВАЛ ДАРААХ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй тул эмнэлгийн тусламжид найдалтгүй юм. Иймийн тулд дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх