fbpx

Хүүхдийн хөгжил

image

Сүүлийн үед эрдэмтэн судлаачид ухаалаг утас хүүхдийн хүмүүжил төлөвшилд ямар хор хөнөөлтэй, эсвэл ямар ашиг тустайг ихэд сонирхох болжээ. Хүүхэд амьд харилцаан дунд, нийгмийн орчинд оролцож байж өөрийгөө танин мэдэж төлөвших ёстой. Тэгвэл ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд болон зан байдалд хэрхэн нөлөөлж буйг авч үзье.

Хүүхдийн хэл ярианы хөгжил:

Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга ярилцах ёстой. Гэтэл үүний оронд өдөрт хэдэн цагаар зурагт үзэж, гар утас оролдож байгаа нь хүний яриаг зүгээр л сонсохоос гадна эргүүлэн яриулах хүсэлгүй болгодог ажээ.

Бүтээлч, төсөөлөн бодох чадварыг үгүй хийдэг: 

Хүүхдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг. Иймээс олон цагаар зурагт үзэж, гар утас оролддог хүүхдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурч байгааг эрдэмтэд тогтоожээ.

Хараа муудна:

Олон цагаар зурагт, дэлгэц ширтэх нь нүдний хүүхэн хараанд сөргөөр нөлөөлж, нүдний даралттай болгодог. Шинжээчдийн үзэж буйгаар бага насны хүүхдийн хараа зургаан сарын дотор мууддаг бөгөөд нөхөн сэргээхэд арван жил шаарддаг байна.

Бие бялдрын хөгжилд сөрөг нөлөөлдөг

  • Хүүхэд хэр их зурагт үзнэ, бүсэлхийн тойрог төдий чинээгээр ихэсдэг.
  • Нуруу нугасны өвчтэй болно.
  • Архаг ядаргаанд орно.
  • Хооллолтын дэглэм алдагддаг.
  • Жижигхэн давжаа биетэй болно.

Харгис хэрцгий түрэмгий зантай болгодог: 

Хүчирхийлэл, түрэмгийллийг харуулсан кино, нэвтрүүлгийг ТВ болон интернетээс үзсэнээр хүүхдийн зан ааш, төлөвшилд муугаар нөлөөлдөг. Архи тамхины хэрэглээг хэвийн үзэгдэл мэт хүлээн авч хорт зуршилтай болох эрсдэлтэй байдаг.

Санхүүгийн асуудалд ордог

  • Гэрэл цахилгаан, нэгж, дата зэрэгт мөнгө их үрдэг болно.
  • Өөрт байхгүй бол бусдаас авах, зээлэх зэрэг найз нөхдийн харилцаанд хүндрэл учирна.
  • Сард зарцуулж буй нэгж болон мөнгөний тооцоог гаргадаггүй.
  • Үрэлгэн болдог.

Ганцаардалд орно: Цахим ертөнцөд цаг их зарцуулах нь хүүхэд амьд харилцаанд орохоос тусгаарладаг учир ганцаардал бий болгоно. Эцэг эх найз нөхөдтэйгөө нээлттэй харилцахаас зайлсхийж зожиг болно. Өөрийгөө бусдад илэрхийлж чадахгүйд хүрч, энэ нь даамжирвал ганцаардлын өвчинд нэрвэгдэх аюултай.

Сурагчийн хувьд: Сурлагадаа муудах, хичээлээ таслах, сургуулиас завсардах, худлаа ярих, гэмт хэрэгт холбогдох, байнга утас бодох, утаснаас өөр зүйл сонирхохоо болих, гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоох зэрэг маш олон сөрөг үр дагавартай.

Б.Мишээл

Эх сурвалж: "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд 2018" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл

X
Нэвтрэх