fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Гурван хүүхдийн ээж Л.Сэвжидмаа нөхрийн хамт хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан нэгэн аппликэйшнийг бүтээжээ.

“Дагуул” нэртэй уг аппликэйшн тун удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох бөгөөд тэдний хөдөлмөр шингэсэн уг аппликэйшн олон эцэг эхчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн болно хэмээн найдаж байна.

МУИС-ийг химийн багшаар төгссөн Л.Сэвжидмаа үе үе нийгмийн сүлжээгээр харагдах хүүхэд алга болсон гэх мэдээлэл, тэр дундаа Дорноговь аймагт сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины талаар мэдээллийг сонсоод ээж хүний хувьд сэтгэл эмзэглэжээ. Хэрэв охинд байршил тогтоогч байсан бол өдийд олдох байсандаа хэмээн нөхөртөө хэлснээр “Дагуул”-ыг хийх ажил эхэлжээ.

Тун удахгүй хэрэглэгчдэд хүрэх “Дагуул” аппликэйшний талаар “SIUI” компанийн үүсгэн байгуулагч Л.Сэвжидмаатай ярилцлаа.

-”Дагуул” аппликэйшнийг хөгжүүлэх болсон нь эцэг эх бүрт байдаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоос үүдэлтэй гэсэн. Хэзээнээс эхлэн хөгжүүлэлтээ хийж байна вэ? 
-Ээж болсоноосоо хойш нийгмийн сүлжээнд багагүй цаг зарцуулдаг болсон. Ээжүүдийн групп гэлтгүй байсхийгээд л энд тэнд хүүхэд алга боллоо, олж өгч тусална уу гэсэн мэдээлэл харагддаг. Ийм мэдээлэл гарах бүрд л сэтгэл эмзэглэнэ. Хэрэв охинд байршил тогтоогч байсан бол дор нь олох байсандаа гэж нөхөртөө ярьснаас үүдээд нөхөр маань энэ талаар судалж эхэлсэн. Байршил тогтоох аппликэйшнүүд байдаг ч Монголчуудад зориулсан, монгол хэлтэй аппликэйшн тэр бүр байдаггүй. Байгаа нь ашиглахад төвөгтэй юм билээ. Тиймээс ийм аппликэйшн зайлшгүй хэрэгтэй гэж үзээд өнгөрсөн жилээс эхлүүлсэн.

-Аппликэйшний давуу талуудаас дурдвал. 
-Манай аппликэйшн хүүхдийн хаана яваа болон тогтоосон бүс рүү орсон, гарсан талаар мессеж, мэйл болон аппликэйшний мэдэгдлээр дамжуулан илгээнэ. Нэг аппликэйшнээр 2-3 хүүхдийн мэдээллийг авах боломжтой. Хаагуур явсныг өдрийн интервалаар харах боломжтой. Өөрөөр хэлбэл ажлаа хийнгээ хүүхдээ дэргэдээ байгаа юм шигээр явсан газрын түүх, гэр болон сургуульдаа ирж, очсон эсэхийг боломжит бүх эх сурвалжаас авч байгаа нь том давуу тал.

Гэр, сургууль, өдөр өнжүүлэх гэх мэтээр хүүхдийн байнга явдаг бүсийг зааж өгснөөр тухайн бүсээс гарах болон бүсэд ороход мессеж, мэйл, аппликэйшний мэдэгдэл ирнэ. Мөн тухайн хүүхдэд мэдэгдэхгүйгээр чагнах боломжтой.

Манайд худалдаалж байгаа цагнууд чанарын шаардлага тэр бүр хангахгүй байгаа учраас чанартай цагийг гэрээт борлуулагч болон худалдахыг зорьж байгаа юм. Борлуулалтын дараах үйлчилгээг ч хариуцах учраас гэрээт борлуулагч болох нь зүйтэй гэж үзсэн.

-Өмнө нь хэрэглэж байсан төстэй аппликэйшн тийм ч тодорхой заахгүй ерөнхий байршил гаргаж байсан юм. Танайх байршлыг хэр тодорхой заах вэ. 
-Нарийвчлал нь харьцангүй үзүүлэлт гэж ойлгож болно. Гадаа болон цонхтой ойр байгаа нөхцөлд байршил тогтоогчоос илгээж буй мэдээлэл илүү нарийвчлал өндөртэй байдаг. Зарим тохиолдолд байрлалаасаа 50-100м зөрүүтэй заах үе байдаг.

-Аппликэйшн ашиглахад хичнээн төгрөгийн төлбөр төлөх бол? 
-Төлбөрийг Мост Мони болон банкуудын аппликэйшнээр хийх боломжтой байдлаар төлөх. Одоогоор үнээ эцсийн байдлаар гаргаагүй байна. Үнээ аль болох уян хатан үнэтэй байлгахаар ярилцаж байна. Дунджаар сард 5-10 мянган төгрөг байх болов уу.

-Танай компанийн бүрэн хэмжээний бүтээгдэхүүн бол энэ. Өмнө нь өөр төслүүд дээр ажиллаж байсан гэсэн. 
-Манайх гар утасны аппликэйшн болон веб хөгжүүлдэг. Дагуул аппликэйшн бол манай анхны бүрэн хэмжээний бүтээгдэхүүн болж гарч байна. Хийсэн ажлуудаас дурьдвал цахим худалдааны style.mn-н мобайл аппликэйшн, олон улсын тээвэр зуучийн компанид ачааны байршлаа шалгадаг аппликэйшн хийж өгсөн мөн төсөлд оролцох явцдаа уул уурхайн компанитай хамтрагч болж газрын гүнд сүлжээгүй үед байршил тогтоох аппликэйшн бүтээхээр ажиллаж байна.

-Нөхөр тань энэ чиглэлийн хүн учраас хөгжүүлэлтийн ажлыг хийдэг юм байна. Та бусад ажлыг нь хариуцдаг гэж ойлголоо. 
-Нөхөр маань ажлаа тарж ирээд оройн цагаар сууж хөгжүүлэлтээ хийдэг. Өдөржин ажиллаж ирээд ядарсан ч гэсэн ингэж хичээж байгааг нь хараад эхнэрийн хувьд ямар нэг зүйлээр дэмжмээр санагдсан. Аппликэйшн маань бэлэн болохоор зах зээлд яаж нэвтрүүлэх, хүмүүст хэрхэн хүргэх вэ, сурталчилгаагаа яаж хийх үү гээд олон асуулт байсан учраас энэ талаар судлаж эхэлсэн. Ингэж яваад Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв яг ийм чухал сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдгийг нь мэдэж авсан.

Энэ талаар нөхөртөө хэлээд сургалтад нь суугаад үзэхээр шийдсэн. Миний эхний хамрагдсан сургалт маркетингийн талаар байсан л даа. Маш их мэдээлэлтэй үр өгөөжтэй сургалт болсноос гадна халуун дулаан орчин, хамт олон, олон хүнтэй танилцах боломж байгааг анзаарсан. Үүнээс долоо хоногийн дараа “Бизнес санааг төлөвлөх нь” гэсэн сургалтад сууж аппликэйшнийхээ санааг танилцуулахад хүмүүс маш нааштайгаар хүлээн авсан. Танилцуулга сонссон хүмүүс аппликэйшн бэлэн болохоор хэрэглэнэ гэж байсан учраас бидэнд их урам өгсөн. Удалгүй дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр зарласан. Төслөө бичсэн байсан ч эхний удаад амжаагүй. Харин дараагийн удаад нь мэдээлэл технологийн чиглэлээр зарласан хөтөлбөрт тэнцсэн. Анх удаа төсөл бичиж, шалгарсан нь энэ байсан.

-Дөрвөн сарын хугацаанд юу олж мэдэв?
-Бид хоёр өмнө нь бизнес эрхэлж байгаагүй, зөвхөн гүйцэтгэдэг л байсан болохоор бизнесийн талаар А ч байхгүй. Бүтээгдэхүүнээ хамгийн сайнаар нь хөгжүүлсэн ч борлуулах гэдэг маш том асуудал. Тиймээс борлуулалтыг ямар сувгаар хэрхэн хийх гээд л маш олон талын мэдлэгийг олж авсан. Төслийн хугацаанд олж авсан мэдлэг мэдээллийг хэлж, цэгнэж баршгүй. Дөрвөн сарын хугацаанд бизнес эрхэлж буй хүмүүст зориулсан маш олон төрлийн сургалтад суусан. Есдүгээр сард төсөл яаж бичихээ ч мэдэхгүй байсан бол арванхоёрдугаар сар гэхэд төслөө бэлэн болгочихсон. Маш олон зүйл дээр үр ашгаа өгсөн байгууллага даа. Найзаасаа төслөө яаж бичих вэ, жишиг төсөл байна уу гээд явж байсан хүн чинь гурван сарын дараа өөрсдийн санаагаа шингээсэн төслөө бэлэн болгосон.

Түүнээс гадна бид ментортой болсон нь хамгийн чухал зүйл байсан. Хэрэгтэй үед мэдэхгүй зүйлийг маань хэлж өгдөг байснаараа алдах тохиолдлыг багасгасан. ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийн эрхлэгч доктор, дэд профессор А.Алтангэрэл, багш Г.Мөнхбат хоёр бидний мэдээллийн технологи хариуцсан ментороор ажилласан бол бизнесийн зөвлөх Ж.Эрдэнэбилэг бизнесийн ментороор ажилласан. Технологийн менторуудынхаа зөвлөснөөр аппликэйшны дизайныг дахин сайжруулсан.

Төслийн хугацаанд хэрэв төсөлд хамрагдаагүй бол бид ямар байх бол гэсэн асуултыг өөртөө тавьж үзсэн. Урсгалаараа өмнөх ажлаа хийгээд л явж байх байсан болов уу. Бүтээгдэхүүний хувьд дизайны шинэчлэлт, олон сайжруулалт хийгдсэн, миний хувьд өнөөдрийг хүртэл өөртөө хийсэн оюуны хөрөнгө оруулалт хамгийн чухал нь байсан. КОЙКА олон улсын байгууллага, Азийн сан, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Г.Болорцэцэг багш, Туул багш, Эрдэнэчимэг эгч, төслийн зохицуулагч Энхчимэг, төвийн ажилчиддаа маш их баярлаж байна. Ментор Ж.Эрдэнэбилэг, А.Алтангэрэл, Г.Мөнхбат багш нартаа баярлалаа.

Мөн бид маш чухал үедээ хэрэгтэй санхүүжилтийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс авсан. Нийт 1250 америк долларын хөрөнгө оруулалтыг авч тоног төхөөрөмжийн сайжруулалт хийсэн.аппын дизайны зардалдаа ашигласан. Хөгжүүлэлтэд ашиглах хүчин чадал сайтай нөүтбүүк авснаар хөгжүүлэлтийн үйл явц хурдассан.

-Инкубатор хөтөлбөрт дөрвүүлээ шалгарсан гэсэн. Нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нэгнээсээ суралцах, дэмжих зүйлүүд их байсан болов уу? 
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр чиглэл нь ижил боловч өөр өөр мэргэжилтэй хүмүүс байсан. Тиймээс чадах чадах зүйлээрээ нэгэндээ дэм болоод явна шүү гээд л ярилцдаг. Хэдий дөрвөн сарын хугацаа ч гэсэн бид их дотно болсон. MKor аппликэйшний багт телевизэд ажилладаг хүн байдаг учраас бидэнд үнэ төлбөргүй видео сурталчилгаа хийж өгч байна. Харин бид программ хангамжийн талаас зөвлөх, туслах зэргээр дэм өгч байна даа. “Гэрү”-ийн хувьд нзах зээлд гаргасан учир харьцангуй туршлагатай, түүнээсээ бид нартаа зөвлөөд хамтдаа урагшилж байна даа.

-Саяхан нярайлсан юм байна. Тэгэхээр жирэмсэн байхдаа л энэ бүх ажлыг амжуулжээ. 
-Төсөл эхэлж байхад таван сартай жирэмсэн байсан. Төслийн сүүлийн сарын дундуур нярайлсан. Нэгэнт эхлүүлсэн ажил учраас эцсийг нь үзэх хэрэгтэй гээд л хүүтэйгээ “За хоёулаа онц байж байгаад төрнө шүү” гээд л ярилцдаг байлаа. Төслийн хугацаад долоо хоногтоо 1-2 уулзалт сургалтанд явахдаа томыгоо сургуульд нь, дундахаа өвөө эмээ дээр нь хүргэж өгөөд байсан. Үнэхээр гоё, үр бүтээлтэй цаг хугацааг үнэ цэнэтэй хүмүүстэй өнгөрүүлсэн.

-Дараагийн ажил юу байна вэ?
-Цаашид орон тоогоо нэмээд, хийх ажил их байна. Мэдээлэл технологийн чиглэлээр байгуулсан учраас цаашид гар утасны аппликэйшн хөгжүүлэлт дээр бусад компанитай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн “Дагуул” аппликэйшнаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байх болно. Эхний ээлжинд хүүхдийн цаганд суулгаж байгаа ч цаашдаа ахмад настан, мал аж ахуй, эд хөрөнгө зэрэг олон зүйл дээр ашиглах боломжийг бүрдүүлнэ гэж төлөвлөсөн.

Та "Дагуул" аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

X
Нэвтрэх