Энэ насыг эрдэмтэд "Уяанаас алдуурсан нас" хэмээн тодорхойлдог.
👪 Эцэг, эхчүүд 4 настай хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээсээ болж тэдний зан байдлын гэнэтийн өөрчлөлтөд гайхаж бухимдах нь олонтаа. Зөөлөн дөлгөөн ааштай үрс нь гэнэт л үгэнд орохгүй, сахилгагүйтэж эхэлбэл гайхах нь мэдээж.
👦👧 Дөрвөн настнуудын тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашхираан, хатуу шаардлага, маргаан голлодог. Гэсэн хэрнээ хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсдэг. Бүх зүйлд л "би би, би өөрөө" гэх болно. Энэ насанд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг өөрсдийн санасан зоргоор нэлээд бүдүүлэгдүү аашилна.
🙄 Гэр зуур болон танил орчинд хөдөлгөөнтэй, дуу чангатай байх ч олон нийтийн болон танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй, аймхай болдог.
😜 Тэнэг, бүдүүн гахай, ховдог, муухай, хайргүй гэх үгсийг амархан тусган авч, түлхүү хэрэглэх дуртай.
🏃Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй. Тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж байдаг. Ганцаараа байсан ч ярина. Харин ярилцах хүнгүй, зурагт их үздэг бол хэл ярианы болон сэтгэхүйн хөгжилд сөрөг өөрчлөлт орно.
👫 Тиймээс энэ насанд эцэг, эхчүүд хэл ярианы болон сэтгэхүйн зөв хөгжилд нь анхаарах хэрэгтэй. Зурагт ном уншиж, харилцан ярилцах, сонирхолтой асуултуудаар тоглоом тоглох байдлаар аль болох төсөөлүүлэн бодуулж, ургуулан сэтгэх боломжийг өгч байх нь зөв.
💑 Хүйсийн ялгаагаа ойлгож охид аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг болно. Мөн эсрэг хүйсийн найз охин, хөвгүүнтэй болж тэднийгээ илэх, үнсэх, тэдэндээ чихэр, бэлэг өгөх сонирхолтой болдог. Түүнийгээ аав ээждээ байнга ярина. Үүнийг нь хэт өхөөрдөн эрхлүүлж, эсвэл хэт хориглон эсэргүүцэж болохгүй. Харин хацар дээр нь үнсэж, гараас нь хөтөлж, тэвэрч, тоглоомоо хамтдаа тоглож болно гэдгийг нь тайлбарлаарай.
🤔 Томчуудаас, ээжээсээ “Би хаанаас чинь гарсан бэ?” “Чиний хайр чинь хэн бэ” гэх мэт сониучхан асуултууд асууж эхэлнэ. Энэ үед "Аав ээжийнхээ хайран дундаас гарсан" гэх мэтээр аль болох үнэн бодит байдал руу дөхүүлж хариулаарай.
🤡 Мөн үзсэн харсан зүйлээ яг л дуурайж тоглоно. Дээр нь тэд маш гярхай болдог. Жишээ нь: Айл гэрдэж тогловол, ээж болсон нь хүүхдүүдээ загнана, аргадна, хоолоо хийнэ. Аав харин зурагтаа үзээд, утсаар яриад л хэвтэнэ шүү дээ 👅. Эндээс та өөрийгөө тольдож болно.
👑 Дөрвөн насанд үгийн нөөц их нэмэгдэнэ. Голдуу: ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юм уу хааяа л гуйх, хүсэх төлөвийн үгс байдаг.
☝ Хүүхдийн хамгийн эрчимтэй нас. Энэ насанд шийтгэл зэмлэлээс илүүтэй хамт байх, ШАНТРАЛГҮЙгээр зурагт номын тусламжтай харилцан ярилцах, үлгэр ярьж өгөх, яриулах, хамтдаа тоглох, тоог 1~10 хүртэл буцаад 10~1 хүртэл тоолуулах, ялгааг олуулах, өнгөөр будах зэргээр хөгжүүлбэл маш хурдацтай хөгждөг шүү.
👉 Аа мөн, нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Та залхалгүй, зэмлэлгүй тааваар нь дахин уншиж өгөөрэй.