fbpx

Мэдээ, мэдээлэл

image

мар ч ээж, аав үр хүүхдээ цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавиурст халдварын талаар бодон айдас түгшүүрт автаж суухыг харахыг хүсэхгүй. Түүнчлэн цахим орчин хүчээ авсан энэ үед хүүхдүүдийнхээ уншиж, үзэж буй бүх зүйлд хяналт тавих боломжгүй.

Коронавирустай холбоотой үнэн, худал нь үл мэдэгдэх цуу яриа олон нийт дунд хөвөрч, хүүхдүүдийн сэтгэлзүйд хүнд тусан, цочрол өгөх, айдаст автуулах өндөр магадлал үүсээд байна.

Харин үүнд эцэг, эхчүүд онцгой анхаарал хандуулж вирусийн тухай үнэн зөв, нотолгоотой мэдээллийг хүүхдүүддээ тайлбарлан, тайвшруулж, хэрхэн ариун цэврээ зөв сахиж, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой талаар ойлгуулах нь хамгийн чухал.

Ингээд та бүхэнд хүүхдүүдтэйгээ коронавирусийн талаар хэрхэн ярилцан ойлгуулж болох аргачлал, алхмуудыг хүргэе.

ХАРИЛЦАН ЯРИА ЭХЛҮҮЛЭХ

Хүүхдээ коронавирусийн талаар асуухыг хүлээх хэрэггүй. Та өөрөө яриаг эхлүүлж, энэ талаар мэдээлэл өгөхдөө бэлэн бай. Ингэхдээ баримт нотолгоонд тулгуурласан, эерэг, сөрөг талыг дүйцүүлсэн мэдээлэл өгөхийг хичээх нь зөв. Та л хүүхэдтэйгээ нээлттэй ярилцахгүй бол цахимаар тарж буй худал мэдээлэлд итгэж, айдас түгшүүрт автан сэтгэлзүйн тогтворгүй байдалд орж болохыг анхаараарай.

Эцэг эхчүүд л үр хүүхдэдээ үлгэр дууриал болж айдас түгшүүрт автахгүйгээр тайван байдлаа харуулах хэрэгтэй. Нухацтай хүнд асуудлын талаар хэлэх гэж буй мэтээр биш, энгийн хөгжилтэй яриа дэлгэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь чухал.

“Миний хүү, охин коронавирусийн талаар юу мэдэх вэ?” гэж асуу. Ингэснээр та хүүхдийнхээ ямар мэдээлэлтэй байгааг мэдэж, ярилцахад илүү хялбар болно.

ХҮҮХДИЙНХЭЭ НАСАНД ТОХИРОХ БАЙДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГ

  • Цэцэрлэгийн насны хүүхэдтэй бол “Шинэ төрлийн вирус бий болоод зарим хүмүүсийг өвтгөөд байгаа юм. Миний хүүхэд санаа зовох шаардлагагүй. Аав, ээж нь бүхнийг гартаа авсан” гэж тайтгаруулах нь зүйтэй.
  • Сургуулийн насны хүүхдэдээ “Коронавирусийн талаар айдас төрүүлэм маш олон мэдээлэл бий. Хэдийгээр хүмүүс энэ вирусээс болж өвдөж байгаа ч бид санаа зовж суухын оронд хэрхэн эрүүл мэндээ хамгаалахад анхаарах нь чухал” гэдгийг ойлгуул.
  • Өсвөр насны хүүхэдтэй бол “Нийгэмд коронавирусийн зэрэгцээ худал мэдээлэл их түгж байна. Үүнд итгэхгүй байж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг  дагах хэрэгтэй. Олон орны эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварыг зогсоох, өвчтөнийг эмчлэх сайн аргыг нээхээр чармайж буйг мартаж болохгүй” хэмээн учирлаарай.

Олон орны эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварыг зогсоох, өвчтөнийг эмчлэх сайн аргыг нээхээр чармайж буйг мартаж болохгүй

Магадгүй  хүүхэд тань коронавирусээс хамгаалах боломжгүй гэсэн бодолтой байж болох юм. Түүнд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид ямар их хичээж байгааг тайлбарлаж. Хүн бүр ариун цэврээ сайн сахиж:

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Хоол идэх, нүүрэндээ хүрэхээсээ өмнө гараа тогтмол угаах. Ингэхдээ амандаа дуртай дуугаа аялан хөгжилтэй байдлаар хийхийг зөвлөөрэй
  • Гар ариутгагч хэрэглэх
  • Ханиаж, найтаахдаа амны алчуур хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа огт хүрч болохгүйг анхааруулах

ӨВЧТЭЙ, ЭРҮҮЛ ГЭЛТГҮЙ ХҮН БҮРТЭЙ ХҮНЛЭГ ХАРЬЦАХЫГ ЗААХ

Хүмүүсийг эрүүл мэндийн байдлаас нь болоод ялгаварлаж, хүндэтгэлгүй харьцаж болохгүйг хэлэх хэрэгтэй. Коронавируст халдвар хэдийгээр Хятад улсаас эхлэлтэй ч одоо дэлхий нийтэд хамааралтай, олон улсад тархсан талаар тайлбарла. Өвчтэй, халдвар авсан хүмүүсийг чичихээс илүүтэй хурдан эдгэхийг ерөөх хэрэгтэй. Бид нэг дэлхийд амьдардаг, яг адил хүмүүс гэдгийг учирлаарай.

НАС ЗАЛУУ БАЙХ ТУСМАА ХАЛДВАРЫН АЮУЛД ӨРТӨХ ЭРСДЭЛ БАГА ГЭДГИЙГ ОНЦЛОХ

Коронавирусийн халдвар авсан ч эдгэрэх боломжтой. Өндөр настай, ужиг өвчтэй хүмүүст илүү их эмчилгээ, сувилгаа шаардлагатай. Харин залуу хүүхдүүд хурдан эдгэрэх бүрэн боломжтойг сануулах нь зүйтэй.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд гараа тогтмол угааж, нүүрэндээ гараа хүргэхгүй байхын чухлыг ярьж өг.

Үзэх гэж байсан тоглолт, оролцох гэж байсан олон нийтийн арга хэмжээг нь цуцалсны улмаас хүүхэд тань сэтгэлээр унасан байж болзошгүй. Тиймээс эдгээр арга хэмжээг бидний эрүүл мэндийг хамгаалахын төлөө цуцалсан. Олон хүн цугласан газар хамгийн эрсдэлтэй. Байдал тайван болсны дараа бүр илүү сайхан зүйлс үзэх боломжтойг ойлгуулаарай.

МЭДЭЭЛЭЛ АВЧ БУЙ ЭХ СУРВАЛЖАА ШАЛГАЖ ХЭВШИХ НЬ ЗҮЙТЭЙ

Ёроол нь үл мэдэгдэх цахим ертөнцөд хуурамч мэдээлэл хог шиг их бий. Нас харгалзахгүйгээр хүн бүр үүнд итгэж буруу шийдвэр гаргах эрсдэл үүрч болно. Тиймээс мэдээ, мэдээллийг ямар эх сурвалжаас авч буйгаа үргэлж хянах нь зүйтэй. Үүнд:

  • Мэдээлэл авч буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулдаг, баттай эх сурвалж эсэхийг шалга. Бусад өөр төрлийн мэдээллүүдийг үз.
  • Сүржин гарчиг өгч, зөв бичгийн алдаа гаргасан эсэхийг шалга.
  • Ганцхан эх сурвалжийн мэдээнд шууд итгэх бус бусад эх сурвалжаар давхар баталгаажуулах шаардлагатай.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ зэрэг албаны мэдээллийг чухалчлах нь зүйтэй.

ТА Л ХҮҮХДЭДЭЭ ХАМГИЙН САЙН НӨЛӨӨЛЖ ЧАДНА

Хүүхдийнхээ мэдээлэл авах сувгийг бүгдийг нь хянах хэцүү. Тиймээс элдэв худал мэдээлэлд итгэж айдаст автахаас эцэг, эхчүүд, гэр бүлийн гишүүд л сэргийлж чадна. Хэрвээ хүүхдэд тань найз нь “Бид коронавирусийн халдвар авбал шууд үхнэ” гэж хэлсэн байх юм бол та “Үүнд итгэж болохгүй. Халдвар авсан хүмүүс эдгэдэг” тухай тайлбарлаарай.

Эрүүл мэндээ хамгаалахын  тулд ариун цэврээ сайн сахих нь чухал учир хүүхдэдээ гараа тогтмол угаах, нүүрэндээ хүрэхгүй байх дадал бий болгохын тулд өөрөө үлгэрлэх нь зүйтэй.

Үр хүүхдэдээ анхаарал хандуулахаас гадна өөрийгөө мартаж болохгүй шүү. Танд хайртай хүмүүсээ хамгаалах хүсэл, сургууль цэцэрлэг хаах, ажил тань үйл ажиллагаагаа түр зогсоохоос үүдэх санхүүгийн хүндрэл гэх олон асуудал тулгарч болно. Гэхдээ эрүүл саруул байхад бүхний учрыг төвөггүй олж болно. Тиймээс өөртөө тавих халамж, анхаарлаа бүү сулруулаарай.

Эх сурвалж: Wikihow

X
Нэвтрэх