fbpx

Аминдэм ба эм

image

Нар гарсан өдөр сэтгэл санаа тайван, аз жаргалтай болдог шүү дээ. Энэ бол эхний үйлчлэл.

Хоёрдугаарт дулааны энерги нь бие махбодод хүрснээр судас тэлж, цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр дархлаа сайжирна. Мөн нарны чийрэгжүүлэлтийн нэг ач тус нь Д аминдэм. Нарны туяа арьсанд хүрэлцсэнээр идэвхгүй байгаа Д аминдэмийг идэвхжүүлдэг.

Наран шарлагыг 4 сараас дээш хүүхдэд хийдэг. 11-12, 15-16 цагт, аажмаар дасгах маягаар нарны чийрэгжүүлэлтийг хийнэ. Ингэхдээ нярай хүүхдийг чээж, нурууг нь эхний удаад 2-3 минут наранд шараад, маргааш нь хугацааг нэмэх маягаар хийнэ. Ингээд хугацааг нь нэмсээр нэг курс нь 30 хоног болно. Наран шарлагын үед нарны тос түрхэхгүй.

Нарны туяа 270-300 нанометр байгаа тохиолдолд энэ үйлчлэлийг үзүүлж чадна. Хэрэв үүнээс бага бол Д аминдэмийг үүсгэх чадваргүй болчихдог. Тиймээс хүйтний улиралд нарны туяа эмчилгээний түвшинд хүрэхээр Д аминдэмийг үүсгэж чаддаггүй. Зуны гурван сард хэт ягаан туяаны идэвхжил 270-300 байдаг учраас энэ хугацаанд нараар чийрэгжүүлэлт хийх нь үр дүнтэй.

Өмнө нь бид зуны улиралд нарнаас Д аминдэмийг авдаг учраас нэмэлтээр өгөх хэрэггүй гэж зөвлөдөг байсан. Харин одоо хүүхэд Д аминдэмийн дутагдалтай бол урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар нэмэлтээр өгнө гэдэг болчихсон.

Д аминдэмийн дутагдал буюу сульдааг Д аминдэмээр л эмчилнэ. Д аминдэм дутагдсанаар хүүхэд унтах болон хооллох үед хөлөрнө, шээс үнэртэй гарна гэх мэтчилэн шинж тэмдэг илэрдэг. Ингэж явсаар хөл майга болох, чээж хонхойх, сампингийн эрхний шинж, хөдөлгөөний хоцрогдол зэргээр хүндэрдэг.

Зарим хүүхдэд агууламж нь хэвийн хэр нь дутагдлын шинж тэмдэг илэрдэг. Д аминдэмийн дутагдал болон илүүдэл адилхан шинж тэмдэгтэй байдаг учраас эмчийн заавар дор нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Цусан дахь Д аминдэмийн агууламжийг үздэг болсон тул шинжилгээ өгөхөд гэмгүй.

Эх сурвалж: Хүүхдийн төв сувилал

X
Нэвтрэх