fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өдөр бүр тулгардаг асуудлыг эцэг эхчүүд хэрхэн шийдвэрлэж, хүүхдээ “зөв сайн хүн болгох” зорилгодоо хүрэхэд нь туслах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой эцэг эхчүүдээс ирсэн, түгээмэл гардаг асуултуудад Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгээс хариулт авснаа хүргэж байна.

Асуулт: Хүүхдээ яаж үгэнд ордог, дуулгавартай болгох вэ? Загнаж, зодуулж байж үгэнд орох гээд байх юм?

Хариулт: Эцэг эхчүүд хүүхдээ биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой, шийдвэр гаргаж чаддаг хүн болоосой гэж хүсдэг. Гэтэл амьдрал дээр эцэг эхчүүд өдөр тутамдаа хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж, өөрийн бодлоо тулгаж, өөрийн хүссэн зүйлсийг хийхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд урт хугацааны зорилгодоо бус, богино хугацааны зорилго буюу яг одоо хийх шаардлагатай байгаа зүйлсэд анхаарлаа хандуулж явсаар нэг л мэдэхэд хүүхэд том болдог. Японы Хүүхдийг Ивээх Сангаас эрхлэн гаргасан “Өдөр Тутам Хэрэглэх Хүмүүжлийн Эерэг Арга” гарын авлагыг хэрхэн хүүхдээ эергээр хүмүүжүүлэх талаар олон жилийн судалгаанд үндэслэн бичигдсэнийг уншиж байхад эцэг эхчүүд юуны түрүүнд хүүхдээ насанд хүрээд ямар хүн болгохыг хүсэж байгаагаа тодорхойлж зорилго болгоод, тухайн зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүх хүүхэдтэйгээ харилцахдаа анхаарч, харилцахыг заажээ. Холын зорилгоо тодорхойлсон эцэг эх нар өдөр тутмын жижиг сажиг асуудалд тэр бүр стрессдээд байхгүй. Та хүүхдээ өөрийн гэсэн бодолтой хүн болоосой гэж хүсвэл түүнд өөрийнхөө бодлыг хуваалцаж, бас түүний бодлыг сонсож, шийдвэрийг хамтдаа гаргаж, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг үнэлж сургаж сургаарай. Хэрвээ та хүүхдээ хүний гар харалгүй биеэ даасан хүн болоосой гэж хүсвэл түүнд аливааг өөрөө хийж турших боломж олго. Та хүүхдээ яг одоо дуулгавартай байлгамаар байна уу үлдсэн амьдралынхаа турш үгэнд ордог, дуулгавартай хүн байгаасай гэж хүсэж байна уу гэдгээ бодоод үзээрэй. Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхтэй. Түүнийгээ ч илэрхийлэх эрхтэй. Энэ нь түүнд хуулиар олгогдсон эрх юм. Дуулгавартай байдал гэдэг бол бусдын үзэл бодол, хүслийг үг дуугүй биелүүлэхийг хэлдэг. Энэ нь хүүхэд насанд хэрэгтэй ур чадвар мэт боловч насанд хүрсэн үедээ бусдаас хэт хамааралтай, өөрөө шийдвэр гаргахаас айдаг нэгэн болох эрсдэлтэй гэдгийг мөн бодож үзмээр байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн хүслээрээ байлгах, дуулгавартай болгохын тулд алгадах, зодож шийтгэх нь одоог хүртэл байсаар байна. Монгол Улс хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2016 онд хуульчлан хориглосон бөгөөд Хүүхдийн эрхийн тухай Конвенцод 1990 онд албан ёсоор нэгдсэн. Хүүхдийг алгадах, зодож шийтгэх нь хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тооцогдох ч, бодит байдал дээр эцэг эхчүүд зодох, шийтгэх аргыг хүүхдээ хүмүүжүүлэх зорилгоор хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Сэтгэл судлалын олон судалгаагаар зодож шийтгэх нь хүүхэд хат суулгаж, тэсвэр тэвчээртэй болгох биш эсрэгээрээ аймхай, түгшүүртэй нэгэн болгодгийг тогтоосон. Түүний биед хүрч, өвдөх бүрд түүний тархины айдсын төв идэвхжиж стрессийн даавар ялгардаг. Хүүхэд стресст маш эмзэг бөгөөд стрессийн даавар биеэс бүрэн арилтал насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 2-3 дахин урт хугацаа зарцуулдаг. Хүүхдийн тархины айдсын төв ойр ойрхон идэвхжих, стрессийн даавар ялгарах нь насанд хүрсэн хойноо сэтгэл зүйн асуудлуудад өртөх цаашлаад сэтгэл гутрал, бүр шизофрени зэрэг сэтгэцийн эмгэгт ч хүргэх эрсдэлтэйг сэтгэл судлаач нар хэдийн тогтоосон. Цаашлаад тархины айдсын төв идэвхэжсэн үед хүний тархины духны урд хэсгийн үйл ажиллагаа дарангуйлагддаг. Энэ хэсэг анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг олон чухал ур чадваруудыг хариуцдаг. Зодуулж өссөн хүүхдийн тархины урд хэсэг гэмтсэн байдаг нь түүний мэдэрсэн айдас, стресстэй холбоотой ба насанд хүрсэн хойноо буруу шийдвэр гаргадаг, өөрийгөө удирдаж чаддаггүй, амархан стресст өртөж сэтгэлээр унадаг нэгэн болох хандлагатай. Хүүхдүүд бидний боддогоос илүү ухаантай бөгөөд хүүхдийг хэлд орсон цагаас түүнд тайлбарлаж, ярилцах бүрэн боломжтой байдаг юм шүү.

Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргуудын талаарх олон чухал мэдээллийг та Японы Хүүхдийг Ивээх Сангаас яг одоо санаачлан хэрэгжүүлж буй #ХайраарҮлгэрлэе аянаас авах боломжтой. Хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байж, хайраар үлгэрлэе.

X
Нэвтрэх