fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхэд аав ээжтэйгээ “хүүхэлдэйгээ үзчихээд л зурагтаа унтраана” хэмээн тохиролцсон боловч хэлсэндээ хүрэхгүй дахиж үзнэ, унтраалгахгүй хэмээн ахих, даврах нь олонтаа. Ийнхүү ахиад, алдаа давтагдаад ирэхээр аав ээжийн бухимдал ихсэж улам хатуу шийтгэх, хорих арга ашиглахыг хичээдэг.

“Үгэнд ордоггүй муу хүүхэд, нүд чинь сохорлоо, тэнэг болох нь уу" гэх мэтээр үглэх зэмлэхээс гадна зурагтыг хүчээр унтраах, бүүр болохгүй бол “алганы амт үзүүлэх” тохиолдол ч мэр сэр байдаг.

Магадгүй "алганы амт" хэцүү байсан учраас хүүхэд айсандаа, цочирдсондоо алдаагаа давтахгүй амласандаа хүрэхийг тухайн хэсэгхэн үедээ хичээж болно. Гэсэн хэдий ч амлалт гэж юу болох, амлалтдаа хүрэхийн үнэ цэнийг суралцаж чадахгүй. Зүгээр л хэлснээр тань хийхээс өөрцгүй..

Тэгвэл ийм тохиолдлуудад яах вэ?

  • Гаргаж болох алдаануудад тохирсон дүрэмтэй байх нь зөв. Жишээ нь, “Дараагийн удаа хүүхэлдэйгээ үзчихээд л зурагтаа унтраахгүй бол маргааш нь хүүхэлдэй үзэх эрхийг хасна, чи зөвшөөрч байна уу”, “Амлалтдаа хүрэхгүй бол гэр бүлийн тоглоом тоглохоо нэг удаагаар хойшлуулах болно, болж байна уу” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярилцаж, харилцан ойлголцож дундын дүрэм гаргах хэрэгтэй.
  • Харин аав ээжийн анхаарах зүйл бол ямар ч тохиолдолд энэ дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй. Хүүхэд “Уучлаарай” "Дахиад ганцхан", "Ганцхан өнөөдөр л.." хэмээн хэчнээн хөөрхнөөр хэлсэн ч эсвэл эсрэгээрээ уйлахаараа, уурлахаараа айлгасан ч дүрэм тогтсон л бол баримтлах нь зөв.
  • "Уучлал хүссэн чинь сайн хэрэг", "алдааг чинь уучиллаа", "итгэж байна", "гэхдээ дүрмээ баримтлахаас гарцаагүй", "өөр аргагүй" зэргээр тайлбарлаж байх. Мэдээж хүүхэд уучлалт гуйх нь чухал. Гэсэн хэдий ч уучлаарай гэж хэлээд л бүх юм болдог гэсэн ойлголтыг бий болгож болохгүй юм.
  • Тийм учраас эцэг эх нь хүүхдэдээ хариуцлага хүлээх чадварыг дүрэм тогтоох аргаар төлөвшүүлэх шаардлагатай. Мөн аав ээж хүүхдэдээ өөрийн сэтгэл санаагаа илэн далангүйгээр илэрхийлэх нь зүйтэй. “Чамайг зурагт их үзэхээр нүд нь, толгой нь их өвддөг болох вий гэж ээж нь их айж байна”, хамтдаа зурагт утасны хор хөнөөлийн талаарх мэдээллийг үзэж "зурагт утас их үздэг хүүхэд ийм болох аюултай гэж байна” гэх зэргээр бодит нөхцөлийг тайлбарлан ярилцаж байгаарай.
  • Ингээд яавал хор хөнөөл багатай байх тухай, өөрт нь зурагт, утас үзэх тохиромжтой хугацаа ямар байхыг тодорхойлж ярилцан хэм хэмжээг нь тогтоож өгөөрэй.

Жич: Дээрх аргыг чихэр нэхдэг, хоолонд дургүй, дүү нараа шоглодог гэх зэрэг бүх төрлийн жишээнд тохируулан хэрэглэж болно. Гагцхүү бие махбодын шийтгэл хүүхдэд ямар ч эерэг үр дүн үзүүлдэггүй гэдгийг анхаарна уу!

X
Нэвтрэх