fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүд хүүхдэдээ тусад нь өрөө гаргаж өгөх тал дээр их эргэлздэг. Гэхдээ дийлэнх мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхдэд өөрийн гэсэн орон зайг нь бий болгох нь чухал бөгөөд ингэхдээ дараах таван зүйлийг заавал байлгах хэрэгтэй гэжээ.

1. НОМ 

Хүүхдийн хэл яриаг ойлгох, хүлээн авах хөгжил хэлд орохоос нь ч өмнө явагдаж эхэлсэн байдаг тул хүүхдэд аль болох бага байхаас нь ном уншиж өгөх хэрэгтэй. Харин хүүхдээ "тусад нь гаргасан" бол өрөөнд нь номын хэсгийг заавал гаргаж өгөөрэй. Тухайн хэсэг нь ном уншаад суудаг сандал ширээ, олон тасалгаат номын тавиур, эсвэл зүгээр л ном тавьдаг шүүгээ байсан ч болох юм. Хамгийн гол нь номтой холбоотой хэсэг гаргаж өгнө, номын санг нь тогтмол баяжуулна гэдэг л чухал юм шүү.

2. УРАН ЗУРАГ

Та "хүүхдийн өрөөнд уран зургаар яадаг байна аа", "арай л хэтрүүлж байна шүү" гэж бодож байж магадгүй юм. Гэхдээ харахад л сэтгэл уужрам уран зураг, урам өгөх ишлэлүүдийг хананд өлгөх нь бяцхан үрсийн маань хувь хүн болох хөгжилд эерэг нөлөөтэй. Чухам ямар ишлэл, ямар зураг сонгохоо тэдэнтэйгээ ярилцсаны үндсэн дээр шийдээрэй.

3. ГЭРЭЛТҮҮЛГИЙН СОНГОЛТ

Хүүхэд өрөөнийхөө гэрэлтүүлгийн хэмжээг хүссэн үедээ өөрчлөх боломжтой байхаар тохижуулаарай. Даалгавраа хийх, ном унших үед нь тод гэрэл хэрэгтэй ч оройн цагаар мелатонин дааврыг ялгаруулахын тулд гэрлийг бүдэг байлгах шаардлагатай.

4. ТОГЛООМЫН БУЛАН

Дээр дурдсанчлан өрөөний нэг хэсгийг ном унших хэсэг болгосон бол бас нэг буланг нь тоглох булан болгож тохижуулаарай. Тоглох бол хүүхдүүдийн хувьд хамгийн чухал "ажил" шүү дээ.

Нэгэнт л тоглоомын булан гаргаж байгаа учир тоглоомуудаа хураах хайрцаг, шүүгээ ч мөн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд тоглож дууссаны дараа тоглоомоо өөрөө хураах дадал суудаг.

5. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТАВИЛГУУД

Хүүхэд өрөөндөө тоглож, гүйлдэх үед унасан ч бэртэхээргүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тавилгын ирмэг нь хурц биш байх ёстой. Үүнээс гадна өөрсдийнх нь биеийн өндөрт таарсан хэмжээтэй байх нь зүйтэй юм.

АНХААРАХ: 

  • Техник хэрэгсэлгүй байх - Бага насны хүүхдийн өрөөнд зурагт, компьютер болоод бусад техник хэрэгслийг байрлуулахаас зайлсхийгээрэй. Гэхдээ ингэснээр зурагт үзэх, утсаар тоглох, бичлэг үзэх эрхийг нь хорьж байгаа юм биш шүү. Насанд хүрсэн асран хамгаалагчид хүүхдийг техник хэрэгсэлтэй харьцах үед юу үзэж, юу хийж байна гэдгийг хянах нь чухал байна.
X
Нэвтрэх