fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

“Та хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа юу?” хэмээн асуувал ихэнх эцэг эхчүүд тийм гэж хариулах байх. Үнэндээ зарим нэг тохиолдолд бид сэтгэл хөдлөлдөө автан хүүхдээ шийтгэх ёстой хэмжээнээс нь хүчтэйгээр шийтгэчихдэг. Мэдээж энэ бүхэн хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хүүхдийнхээ сэтгэлзүйд толбо үүсгэхгүйгээр шийтгэж сурахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

  1. САНААТАЙГААР БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ШИЙТГЭХ ГЭЖ ЯАРАХГҮЙ БАЙХ

Хүүхдийн сэтгэл цагаан цаас шиг байдаг шүү дээ. Тиймдээ ч хүүхэд санаатайгаар нэг нэгнийг гомдоож, бэртээж, юмсыг эвддэггүй. Хорвоо ертөнцтэй танилцах энэ аяллынхаа туршид санаандгүй байдлаар сөрөг үр дагавар бүхий үйлдэл хийх нь бий.

Хүүхэд санаандгүй байдлаар алдаа гаргасан бол өрөвч нинжин сэтгэл гарган шийтгэхээс зайлсхийж, асуудлыг хамтдаа шийдвэрлэх талаар ярилцаарай.

  1. СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛДӨӨ АВТАН ШИЙТГЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ

Хүүхэд үгэнд нь ороогүй тохиолдолд маш их уурлаж, сэтгэл хөдлөлдөө автсандаа хэтрүүлэн шийтгэх гэдэг хандлага эцэг эхчүүдийн дунд түгээмэл. Энэ бүх сэтгэл хөдлөл таны хүүхдэдээ тавьсан өндөр хүлээлтээс үүдэлтэй гэдгийг ойлгоорой.

Хэн нэгэн бидний бодсон шиг байгаагүй үед урам маш хүчтэй хугардгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хүн бүр таны төсөөлсөн шиг байх боломжгүй шүү дээ. Тиймээс энэ үед сэтгэл хөдлөлөө дарахыг хичээгээрэй.

  1. ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ШИЙТГЭХГҮЙ БАЙХ

Хүүхэд хэчнээн буруу үйлдэл хийсэн ч бай түүнийг олон нийтийн газар, цугласан хүмүүсийн өмнө шийтгэх нь хүүхдэд ичмээр, дургүй хүрмээр мэдрэмж төрүүлдэг. Яг л үүний адилаар хүүхдээ олон хүмүүсийн өмнө магтах нь тэднийг биеэ тоосон нэгэн болоход хүргэнэ.

Тиймээс хүүхдээ хэт магтах болон шийтгэхийн аль алиныг олны нүдэн дээр хийхээс зайлсхийгээрэй.

  1. ШИЙТГЭМЭЭР БАЙГАА БОЛ ӨӨРӨӨ Л ШИЙТГЭ

Хүүхдээ “чамайг ингээд байвал энэ ах чинь аваад явчихна шүү” гэж айлгадаг бол яг одооноос болиорой. Ийм үг сонсож өссөн хүүхэд бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг нэгэн болох хандлагатай байдаг. Мөн “ингэхээ болихгүй бол цагдаад өгнө дөө” гэж айлгах нь ч буруу. Цагдаа бол зөвийг хамгаалж, бурууг шийтгэдэг хүндтэй хүн шүү дээ.

Сэтгэлзүйчид хүүхдийг шийтгэнэ гэж айлгачхаад шийтгэлгүйгээр орхих нь шийтгэхээсээ ч муу үр дагаврыг дагуулдаг гэжээ. Учир нь энэ үйлдэл олон давтагдсанаар эцэг эх нь хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүс гэсэн ойлголттой болж, эцэг эхдээ итгэхээ больдог.

Үнэхээр л шийтгэнэ гэж айлгахад тэд буруугаа аль хэдийнэ ухаарсан бол буруугаа ойлгосон болохоор л шийтгэхээ больж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй.

  1. ХЭН НЬ БУРУУТАЙГ МЭДЭХГҮЙ БОЛ...

Хүүхэд тань ах эгч, дүүтэйгээ аль эсвэл найз нөхөдтэйгөө муудалцах үед та бүгдийг өөрийн нүдээр хараагүй л бол хэн нэгнийг нь онцгойлон буруутгахаас зайлсхийгээрэй. Учир нь та чухам юу болсныг мэдэхгүй шүү дээ.

Юунаас болж муудсанг нь мэдэхгүй байж өөрийн үзэмжээр хэн нэгнийг нь буруутгах нь маш том алдаа. Шийтгүүлсэн хүүхэд эцэг эх нь өөрт итгэдэггүй, шийтгүүлээгүй өнгөрсөн хүүхэд эцэг эх нь өөрийг нь юу ч болсон өмгөөлдөг гэсэн ойлголттой болох сөрөг үр дагавартай.

  1. ӨМНӨХ АЛДААНУУДААС БОЛЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ

Аль ч харилцаанд нэгнийхээ өмнө нь хийсэн алдааг сөхөж гаргаж ирэх нь "хортой" байдаг. Тиймээс нэгэн дүрмийг үргэлж санаж яваарай. “Шийтгэсэн – уучилсан - мартсан”. Өмнөх алдааг нь дахин дахин сануулж, буруу зүйл хийх болгонд нь ярьсаар байвал хүүхэд шинийг туршихаас айх айдастай болдог.

  1. НАС БОЛОН ХОББИТОЙ НЬ ХОЛБОЖ ШИЙТГЭ

Таны хүүхдээ шийтгэх шийтгэл нас, сонирхол болон нөхцөл байдлаас хамааран өөр байх ёстой. Бага насны хүүхдийн хувьд тоглоом тоглох цагийг нь багасгах маягаар шийтгэж болох бол өсвөр насны хүүхдийн хувьд олон нийтийн сүлжээ ашиглах цагийг нь танах шийтгэл байж болох юм.

Жижиг алдаа гаргавал зөөлөн шийтгэл. Том алдаа гаргавал чанга шийтгэл онооно. Ямар ч алдаа гаргасан нэг л шийтгэл амсдаг хүүхэд юмсын аль нь чухал, аль нь чухал биш вэ гэдгийг ялгах чадвар дутмаг байдаг байна.

  1. ХАРААЛЫН ҮГ ХЭЛЭХГҮЙ БАЙХ

Ихэнх эцэг эхчүүд сэтгэл хөдлөлд автсан үедээ хүүхдээ загнах, шийтгэхдээ өөрийн мэдэлгүй л хараалын үгс хэлчихдэг. Зарим нь бүр хэлсэн гэдгээ ч санадаггүй.

Тэгвэл сэтгэл судлаачид хүүхдээ загнахдаа хараалын үгс хэрэглэх нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулдаг гэжээ. Мөн таны хэлсэн үгийг сурчхаад дараа нь ангийнхаа хүүхэдтэй муудалцахдаа хэлж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх