fbpx

Мэдээ, мэдээлэл


- "Аюулгүй, Аз жаргалтай" цуврал контент -

Зуны дэлгэр цаг үргэлжилсээр. Хуртай, нартай өдрүүдийг Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг сонирхон өнгөрөөхийг хүсэгч хүн бүхэнд дараах мэдээллийг зориулав.

Цар тахлын нөхцөл дээрдэж, орон нутгийн зам нээлттэй болох үед баруун бүсийн аймгуудаар аялахаар төлөвлөж байгаа бол танд байгаль, түүх, шашны дурсгалт 15 газраар аялах маршрутыг товч мэдээллийн хамт хүргэж байна.

1. ЭЭЖ ХАЙРХАН УУЛ

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 метр өндөр эл уулын 22475 га газрыг хамруулан 1992 онд тусгай хамгаалалтад авчээ.

Говь-Алтай аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын утас: 70480119

2. ХАР УС НУУР

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд 850272 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор орших цэнгэг устай, урсгал нуур юм.

Ховд аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Ховд аймгийн Онцгой комиссын утас: 70430119

3. УВС НУУР

Нуурын талбай нь 3350 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 759 метрт оршдог. Урт нь 84 километр, өргөн нь 79 километр, гүн нь 10-20 метр гүехэн нуур юм. Увс аймгийн зүүн хойд хагаст орших, Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур юм.

Увс аймгийн Өмнөговь, Давст, Түргэн, Өндөрхангай сумдад хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Увс аймгийн Онцгой комиссын утас: 70450119

4. ОТГОНТЭНГЭР УУЛ

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 оны 5-р сарын 16-нд Ерөнхийлөгч П.Очирбатын 110 тоот зарлигаар тахилгыг сэргээжээ.

Отгон суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Завхан аймгийн Онцгой комиссын утас: 70460119

5. ЦАГААН АГУЙ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 километр зайтай оршино. Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг.

Баянхонгор аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баянхонгор аймгийн Онцгой комиссын утас: 70440119

6. АЛТАЙ ТАВАН БОГД

Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг.

Баян-Өлгий аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын утас: 70420119

7. ПОТАНИНЫ МӨСӨН ГОЛ

Мөсөн гол гэдэг нь өндөр уулын бүсэд хүндийн хүч, тал газарт бол мөсний зузаанаас хамаарах даралтаас шалтгаалан урсдаг аварга том мөсний бөөгнөрөл юм. Уулархаг налуу газарт олон жилийн турш цас мөс хуримтлагдан мөнх цас болж дагтаршсанаас болж бий болдог бөгөөд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдаг.

Баян-Өлгий аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын утас: 70420119

8. БИЧИГТИЙН АМНЫ ЗУРАГ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Баян уулын Бичигтийн амны хаданд эртний хүмүүс олон зуун хүн, амьтан, тамга тэмдгийн зураг цоолборлон сийлж үлдээжээ. Энд хамгийн олон зурсан амьтан бол янгир, дараа нь буга орно. Янгир, бугыг анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум сумаар харван намнаж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй зураг олон байгаа нь тэр үеийн хүний амьдралд ан агнуур хэчнээн чухал байсныг харуулах чухал баримт юм.

Баянхонгор аймгийн бүх суманд хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баянхонгор аймгийн Онцгой комиссын утас: 70440119

9. БУРХАН БУУДАЙ УУЛ

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 онд 52 110 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтад авсан. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай.

Говь-Алтай аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын утас: 70480119

 

10. БОР ХЯРЫН ЭЛС - МУХАРТЫН ГОЛ

Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манхны нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ.

Мухартын гол: Бор хярын элсний өмнөөс эх авч урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баянбүрд юм.

Ургамал суманд хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Завхан аймгийн Онцгой комиссын утас: 70460119

11. ХЯРГАС НУУР - ХЭЦҮҮ ХАД

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино.

Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ.

Увс аймгийн Давст, Түргэн, Өмнөговь, Өндөрхангай сумдад хязгаарлалт тогтоогоод буй. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Увс аймгийн Онцгой комиссын утас: 70450119

12. МӨНХХАЙРХАН УУЛ

Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно.

Баян-Өлгий аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баян-Өлгийн аймгийн Онцгой комиссын утас: 70420119

13. БАГА ОЙГОР, ЦАГААН САЛААГИЙН ХАДНЫ СҮГ ЗУРАГ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Баян-Өлгий аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баян-Өлгийн аймгийн Онцгой комиссын утас: 70420119

14. СУТАЙ ХАЙРХАН

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хамаарах хайрхан юм. Ноён оргил Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон. 2000 онд Сутай хайрханд уулчин авирч энэ өндрийг тогтоосон. Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг.

Говь-Алтай аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын утас: 70480119

15. ТОЛБО НУУР

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 21.5 километр, өргөн нь 6 километр, далайн төвшнөөс дээш 2080 метр өндөрт оршдог. Эргэн тойрон 1000-1500 метрийн өндөртэй хад асга бүхий намхавтар уул нуруугаар хүрээлэгдсэн.

Баян-Өлгий аймагт одоогоор хязгаарлалт тогтоогоогүй байна. Тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Баян-Өлгийн аймгийн Онцгой комиссын утас: 70420119

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

X
Нэвтрэх