fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-ЭМСХХ-5 төслийн үр дүнгээс-

-Та нянгийн тэсвэржилтийн талаар сонсож байсан уу?

Халдвар үүсгэгч нян түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэдэг. Хүний биед нянгийн тэсвэржилт бий болсноор нянгийн эсрэг эм идэвхгүй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах, халдвар тархах эрсдэлтэй. Нянгийн эсрэг үр дүнтэй эмгүйгээр мэс засал, химийн эмчилгээ үр дүнгүй болно. Эмэнд дасалтай нянгийн халдвар авсан бол эмээр эмчлэх боломжгүй гэсэн үг юм. Тэгэхээр шинэ эм хэрэгтэй. Гэтэл эрдэмтэд нянгийн эсрэг шинэ эм нээх нь амаргүйг анхааруулсаар байна.

Иймд хүн амын дунд нянгийн эсрэг тэсвэржилт ямар хүрээнд тархсаныг тандан мэдэх нь чухал. Манай улсын 19 эмнэлгийн Нян судлалын лабораторийг бүрэн шинэчилснээр өвчтөн нянгийн эсрэг тэсвэржилттэй, эсэхийг тогтоох боломж бүрдлээ. Тодруулбал АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийг хэрэгжүүлж дуусав. Энэ төслийн хүрээнд 19 эрүүл мэндийн байгууллагын Нян судлалын лабораторийг засварлан, шинэ тоног төхөөрөмжүүдээр хангаж, эмч ажилтнуудыг олон удаагийн сургалтад хамруулсан юм.

Төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэллээ. Нян судлалын лабораториуд бүрэн шинэчлэгдсэнээр нянгийн тэсвэржилтийг илрүүлэх, цаашлаад эмчилгээнд хэрхэн эерэгээр нөлөөлсөн талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудаас тодруулсан юм. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Уламбаяр: 

-Манай эмнэлэг энэ төсөлд 2018 оноос хамрагдаж эхэлсэн. Манай байр эмнэлгийн зориулалтынх биш байсан тул төслийн хүрээнд 400 сая төгрөгийн засварын ажил хийн, 900 орчим сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн юм. Хүний биеэс гарсан бүх төрлийн шингэнийг (нус, цэр, нуруу нугасны шингэн, шархны арчдас, хулхи гэх мэт) нян судлалын лабораторид шинжилж байна.

Өвчтөнүүүдийн дунд ямар нян түгээмэл байгааг тогтоох боломж бүрдлээ. Мөн тухайн өвчтөн ямар антибиотик уувал илүү үр дүнд хүрэхийг тогтоож байна. Өнгөрсөн хоёр жилд зөвхөн манай лаборатори нийт 11 мянган шинжилгээ хийлээ. Сүүлийн жилүүдэд олон эмийн дасалтай нян ихээхэн өссөн. Өргөн хүрээний бета-лактамазийн бүлгийн бактериуд, MRSA буюу алтлаг метициллинд тэсвэртэй стафилококкийн халдварууд илэрч байна. Өмнө нь лабораторийн хүчин чадлын улмаас эдгээр халдварыг илрүүлж чаддаггүй, халдварын тохиолдлыг тодорхой бүртгэдэггүй байсан юм.  

Тархины цус харвалт, элэгний хордлого, харвалттай өвчтөн эмнэлгийн Эрчимт эмчилгээ эсвэл Сэхээн амьдруулах тасагт олон хоногоор хэвтэн эмчлүүлдэг. Энэ хугацаанд өвчтөн эмнэлгээс халдвар авах эрсдэл ЭМСХХ-5 төсөл хэрэгжихээс өмнө байв. Харин одоо энэ эрсдэл ихээхэн буурсан.  

Бид ЧД-ийн эрүүл мэндийн төвийн Нян судлалын лабораторийн эмч М.Даваасүрэнтэй мөн ярилцав. М.Даваасүрэн 25 жил эмнэлэгт ажилласнаас сүүлийн арван жил бактериологийн чиглэлээр ажиллажээ. Тэрээр шинэ лабораторио танилцуулахдаа “Би өмнө нь мэргэжлийн түвшинд ажиллах юмсан гэж боддог байв. Тэр хүсэл маань биелсэнд их баяртай байна. Манай лаборатори олон улсын түвшинд ажилладаг болсноор ажиллахад урамтай сайхан байдаг” гэв.

ЧД-ийн эрүүл мэндийн төвийн Нян судлалын лабораторийн эмч М.ДаваасүрэнЧД-ийн эрүүл мэндийн төвийн Нян судлалын лабораторийн эмч М.Даваасүрэн

ОЛОН ЭМЭНД ДАССАН НЯН ХҮНД ХАЛДВАР ТАРААХАД ДАРААГИЙН ХҮН НЬ ОЛОН ЭМЭНД ДАСАЛТАЙ ХАЛДВАР АВДГААРАА ИХЭЭХЭН ЭРСДЭЛТЭЙ

-Та бидэнд олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын талаар тайлбарлаж өгөөч.  
-ЭМСХХ-5 төсөл эхлэхээс өмнө бид нянгийн тэсвэржилтийг тусгай шугам ашиглан диск нэвчүүлэх гэж нэрлэдэг, гар аргаар тогтоодог байв. Хараа муутай ажилтнууд нэг см дутаачих болов уу гэж санаа зовно. Үр дүндээ эргэлздэг байв.

Олон эмэнд тэсвэртэй нян өөрөөсөө урвалж ялгаруулан, антибиотикийг задлан, эмчилгээг үр дүнгүй болгодог аюултай. Одоо бидний хийж буй шинжилгээний хариунд тухайн нян ямар төрлийн антибиотикт илүү тэсвэртэй нь шууд харагддаг. Энэ нь эмчийн ажлыг хялбаршуулж, хамгийн гол нь тухайн өвчтөн нэгэнт үр дүн өгөхгүй антибиотик уухаас урьдчилан сэргийлдэг. Антибиотикийг олон бүлэгт хуваадаг юм. Эдгээрийн аль бүлэгт тухайн өвчтөний нян тэсвэртэйг бидний хүлээж авсан тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар маш нарийн үзүүлэлтээр тогтоох боломж бүрдсэн. Тухайн өвчин ямар нянгаас үүдсэнийг тогтоогоод зогсохгүй ямар антибиотикт үхэх вэ гэдгийг давхар илрүүлдгээрээ давуу талтай болсон юм. Энэ нь өвчтөний эмчилгээ хийлгэх хугацаа, эмийн зардлыг ихээхэн бууруулсан.

Шинжилгэээний дээжүүдийг тогтмол температур бүхий хөргөгчид хадгалах ёстой. Өмнөх хөргөгч энэ шаардлагыг хангадаггүй тул шинжилгээний хариунд сөргөөр нөлөөлөх тохиолдол байв. Харин одоо температурын зөрүү гарах эрсдэлгүй. Лабораторийн ажилтнуудын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан сорох шүүгээнүүдийг мөн суурилуулсан. Энэ шүүгээнүүд лабораторийн ажилтан ажлаа хийх явцад халдвар авах эрсдэлээс хамгаалах үүрэгтэй юм.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдээс ямар төрлийн халдвар түлхүү илэрсэн бэ?  
-Бид 2019 онд 6088, 2020 онд 5799 өвчтөний сорьц шинжилсэн. Нийт 11800 шинжилгээ хийлээ. Эдгээрээс нянгийн тэсвэржилттэй MRSA буюу алтлаг метициллинд тэсвэртэй стафилококкийн халдварууд илрүүлсэн. Олон эмэнд дассан нян хүнд халдвар тараахад дараагийн хүн нь олон эмэнд дасалтай халдвар авдгаараа ихээхэн эрсдэлтэй. Нянгийн тэсвэржилтийн хамгийн аюултай нь энэ юм.

Урьдчилан сэргийлэх шинжилгээ гэхэд л 5400 хүнээс 1084 хүний шинжилгээнд MRSA илэрсэн. Намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн багш, ажилтнууд, нийтийн хоолны газрынхан, гоо сайханчид гэх мэт олон нийтэд үйлчилдэг мэргэжлийнхэн энэ шинжилгээг заавал өгдөг юм. Гэтэл таван хүн тутмын нэгээс нь халдвар илэрсэн. Энэ тоо манайд хэвтэхээр хандсан өвчтөнүүдийн шинжилгээнээс давсан нь анхаарал татна. Уг нь багш, туслах багш, тогооч, гоо сайханчид би эрүүл гэдгээ батлах гэж шинжилгээ өгдөг шүү дээ. Гэтэл 2019-2020 онд урьдчилан сэргийлэх шинжилгээний нийт сорьцын 23 хувьд MRSA илэрсэн.  Гэтэл энэ хувь өвчтөнүүдийн шинжилгээнд 14 буюу бага байгаа юм.

MRSA, ESBL, VRE гэсэн гурван төрлийн халдварын аль нэг нь илэрвэл шинжилгээний хариу эерэг гарлаа гэж үздэг байна. 2020 онд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн эерэг гарсан шинжилгээний хувь 42 хувь болж, өмнөх оноос буурчээ. Мөн үсчин, гоо сайханч, тогооч гэх мэт үйлчилгээний ажилтнуудын эерэг гарсан шинжилгээний хувь 34-өөс 29 хувь болж буурсан байна. Энэ нь ковидын улмаас 2020 онд эмнэлгээр үйлчлүүлэх нийт иргэдийн тоо буурсантай холбоотой юм.

11 мянган хүний шинжилгээнээс MRSA хамгийн их буюу 2633 хүнээс илэрчээ. MRSA буюу метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus стафилококк нь гурван хүн тутмын нэгийн арьс, хамарт агуулагдан амьдардаг, маш элбэг тохиолддог, нэг төрлийн бактери. Энэ бактери биед нь оршин, амьдарч буй хүндээ ихэвчлэн өвчлөл, асуудал үүсгэх шалтгаан болдоггүй. Нөхцөл, эрсдэлт хүчин зүйл нь бүрдсэн үед л

  • Хатиг, буглаа, мундас зэрэг арьс, зөөлөн эдийн үрэвсэл, халдвар
  • Шархны халдвар
  • Уушгины хатгаа
  • Цусаар түгсэн халдвар
  • Үжил зэрэг халдвар үрэвслийн шалтгаан болж, үхэлд хүргэх нь ч бий.

Энэ бактери олон эмэнд буюу хэд хэдэн бүлгийн антибиотикт тэсвэртэй. Иймд энэ халдварыг тухайн бүлгийн антибиотикоор эмчлээд үр дүн гарахгүй. MRSA хүндэрвэл хүний цусанд халдвар орох, уушгинд нь буглаа, идээ үүсэх, менингит болох, биеэр нь дүүрэн идээт тууралт үүсдэг аж.

Өвчтөнүүд яагаад ийм байдалд хүрдэг талаар асуухад “Ойр ойрхон антибиотик хэрэглээд байхаар бидний биед байх ёстой флорууд эмэнд дасдаг. Тэгэхээр ямар ч антибиотик уугаад тухайн нян устахгүй. Иргэд дураараа антибиотик хэрэглэх, ууж эхлүүлсэн эмээ эмчийн заавраар уулгүй, дутуу орхих, дутуу тариулах нь нянгийн тэсвэржилтийг бий болгодог” гэж С.Даваасүрэн эмч зөвлөв.

ЭМСХХ-5 төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө зарим эмнэлгүүдийн нян судлалын лаборатори өнөөгийн шаардлагыг хангадаггүй байсан тул нянгийн эсрэг шинжилгээ хийлгүйгээр эмч нар жор бичдэг байжээ. Харин одоо манай улсын 19 эмнэлгийн Нян судлалын лаборатори тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхын хувьд олон улстай хөл нийлүүлж чадлаа. Үр дүнд нь иргэд, өвчтөнүүдийн дунд нянгийн тэсвэржилт хэрхэн тархсаныг тоо баримттайгаар бүртгэх тогтолцоонд шилжээд байна.

X
Нэвтрэх