-1-3 настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил-
ТАНЫ ХҮҮ ОХИН:
- Энэ насандаа тоог тогтоож, тооны үйлдэл хийж чаддаг болохын тулд нэг төрлийн үйлдлийг олон удаа давтан хийдэг. Хүүхэд жижиг тоглоомуудыг өрөхдөө нэг эгнээнд шахаж тавих, эсвэл хагас дугуйруулж тавина.
- Юмсыг өрөхдөө баруун гараар тавьсан бол баруун тийш, зүүн гараар тавьсан бол зүүн тийш өрж эхэлдэг. Хоёр хүртэл насанд хүүхэд олон юмсыг нэг бүрчлэн хүртэж чаддаггүй.
- Энэ насанд олон, цөөн гэсэн үгсийн утгыг ойлгож эхэлнэ. Олон юмнаас нэг хэсгийг нь авбал бусдыг нь мартах жишээтэй. Учир нь юмсын тоо ширхэг нь олон болох тутам тэндээс хасагдаж буйг анзаардаггүй.
- Энэ насанд юмсыг жиших сонирхолтой болж ирнэ. Жишээ нь, зарим хүүхэд юмыг барьж үзэж байхад нөгөө хэсэг нь гараараа дүрслэн зааж жишдэг.
- Гурав хүртэл насны үед хүүхэд олон ба нэг юмыг мэдэх ба олон юмнаас нэгийг авах, юмсыг нэг нэгээр нийлүүлж олон болгож чаддаг. Хүүхдүүд өөрсдийн тоглоом ба юмсын хэлбэрийг мэднэ. Энэ хүү, охин тань юмсыг зөвхөн хоёр шинж чанараар нь харьцуулж эхэлдэг. Тухайлбал: хэлбэр ба хэмжээ, хэлбэр ба өнгө гэх мэт. Бусдын тусламжтайгаар юмсын хэлбэр дүрсийг нэрлэнэ. Жишээ нь, бөмбөг бөөрөнхий гэх мэт.
- Хүүхэд юмсын хэмжээг урт, өргөн, өндөр гэж ялгахгүй ерөнхий байдлаар нь хүртдэг. Жишээ нь, хамгийн өндөр, хамгийн уртыг ол гэхэд өөрсдөө сонгохдоо томыг нь л авдаг.
- Орон зайг баримжаалах явцдаа аажмаар орон зайтай холбоотой үгсийг хэрэглэн, өөрийн бие эрхтний байрлалыг орон зай, зүг чигтэй холбон нэрлэнэ. Жишээ нь, толгой дээд талд, хөл доод талд гэх мэт.
- Одоо ба өнгөрсөн, ирээдүй цагийг хүү, охин тань зөв илэрхийлж эхэлдэг. Жишээ нь, одоо бид зураг зурж байна, өчигдөр би аав ээжтэйгээ зугаалсан, маргааш дэлгүүр орно гэх мэт.
- Одоо, дараа гэсэн цаг хугацааг илэрхийлсэн үгсийн утгыг мэднэ. Насанд хүрэгчдийн тусламжтайгаар цаг хугацааг илэрхийлсэн үгсийг яриандаа хэрэглэнэ.
- Гурван насандаа арвын дотор цээжээр тоолж, өдөр тутмын амьдралдаа тоог хэрэглэнэ. Тав хүртэл эд зүйлсийг оноож тоолно.
- Дөрөв хүртэл настай хүүхэд бодит юмсыг зааж, тооны нэрийг чанга хэлж тоолно. “Хэд байна вэ?” гэсэн асуултад хариулна.
- Хүүхэд дугуй, дөрвөлжин, гурвалжин, тэгш өнцөгт, зууван дугуй дүрсийг харьцуулан, төсөөтэй ба ялгаатай талыг нь олж ангилах үйлдэл хийнэ.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш