fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүний насан туршийн тархины хөгжилд  амьдралын эхний жилүүд буюу 5 хүртэлх нас чухал гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна.

Энэ удаад би та бүхэнтэй молекул биологич, хүүхдийн зан үйлийг молекулын түвшинд судлан дэлхийг шуугиулж буй АНУ-ын судлаач, эрдэмтэн Жон Мединагийн судалгаа, баримтыг үндэслэн цөөн зүйлийг зөвлөж байна. Үүнд:

Ээж, аав байхын үндэс нь хүүхдийнхээ тархийг хамгаалж, тархины хөгжлийг дэмжиж хөгжүүлэхэд оршдог. Эцэг эхчүүдийг үлгэрт хэт итгэхгүйгээр шинжлэх ухааны баримт, нотолгоог уншиж судалдаг байх хэрэгтэй. Жон Мединагийн судалгаанаас харвал амьдралд үлгэр ба бодит байдал нийлэх нь бий ч зөрүүтэй байх нь олонтаа ажээ. Тухайлбал,

  • Үлгэр: Хүүхэд эхийн хэвлийд байхдаа сонгодог хөгжим сонсох нь ирээдүйд математик сайн бодох эхлэл болдог.

Бодит байдал: Таны охин, хүү төрснийхөө дараа эхийн хэвлийд байхдаа сонсож, үнэрлэж, амталж байсан бусад зүйлсийн адил сонгодог хөгжмийг “танимхайран” санана. Харин та охин, хүүгээ тоо сайн боддог болгомоор байгаа бол төрсөн цагаас нь өөрийгөө удирдах, эзэмдэх чадвар, туршлагад суралцуулах хэрэгтэй.

  • Үлгэр: Ухаантай хүүхэдтэй болохын тулд 3 түүнээс ч бага наснаас нь гадаад хэл зааж, олон цагаар сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглуулах хэрэгтэй.

Бодит байдал: Бага насны хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн шилдэг зүйл бол янз бүрийн хэмжээ, өнгөтэй хайрцаг, харандаа цаас ажээ. Харин эдгээрийг хэрхэн яаж ашиглах, тоглох “эрх чөлөө” л хүүхдийг хөгжүүлнэ.

  • Үлгэр: Хүүхдээ үргэлж магтах нь тэднийг өөртөө илтгэх чадлыг нэмэгдүүлдэг улмаар өөртөө итгэлтэй болгодог.

Бодит байдал:  Хий хоосон, хэтэрсэн магтаал нь хүүхдийн идэвхийг бууруулна. Гэхдээ оролдлого чармайлт, идэвх зүтгэлийг магтан сайшаах хэрэгтэй.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхдийн хөгжил тэр дундаа 5 хүртэлх насны хүүхдийн тархины хөгжлийн талаар шинжлэх ухааны олон судалгаа, шинэ баримт нотолгоо гарч байгаа ч тэр бүр ээж, аав нарт хүрч чадахгүй байна. Энэ нь ээжүүд, аавуудыг үлгэрт хэт итгэж, хүүхдийнхээ хөгжлийн хамгийн чухал үеийг удаашруулж магадгүй алдахад хүргэж байгаа юм. Ийм учраас ээж, аав та хүүхдийнхээ хөгжлийн талаар уншиж судлаарай.

Зөвлөх: Т.Цэндсүрэн /Зөвлөх багш/

Сургуулийн өмнөх боловсрол олгох сургууль

X
Нэвтрэх