fbpx

0-1 нас хүртэл

image

Хүүхдийн тань 1 насны төрсөн өдөр хаяанд иржээ. Төрсөн өдрийг нь хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөхийн зэрэгцээ өнгөрсөн 12 сард хүүхэд тань ямар гайхамшигтай замыг туулсныг нэг санаарай. Ганцхан жилийн дотор тэрээр өлгийнд боосон алгын чинээ үрээс биеэ даасан бяцхан хүн болон хувирлаа шүү дээ.

ӨСӨЛТ
Хүүхдийн тань жин анх төрөхдөө байсан хэмжээнээс 3 дахин том болсон байна. 12 сар буюу 1 ой хүрэхэд хүүхдийн өндөр дунджаар 23-28 см нэмэгдэх ба түүний тархины хэмжээ насанд хүрсэн хүний тархины 60 орчим хувьтай тэнцүү болсон байдаг аж.

Нэг жилийн хугацаанд хурдацтайгаар нэмэгдэж байсан түүний жин үүнээс хойш нэмэгдэх нь удааширна. Энэ нь хүүхэд илүү хөдөлгөөнтэй холбоотой аж.

БИЕИЙН ХӨГЖИЛ
1 нас хүрсэн таны хүүхэд одоо ганцаараа зогсож чаддаг болсон байх, зарим нь анхны алхмаа ч хийгээд амжсан байж магадгүй. Хэрэв үгүй бол хүүхэд тань таныг удаан хүлээлгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор та хүүхдийнхээ энэхүү дурсамжтай мөчийг буулгах камераа бэлэн л байлгаж байгаарай.

Ой хүрсэн хүүхэд хуруугаараа юм авч идэх, ээж аавынхаа тусламжтай хувцсаа өмсөж, дуртай номынхоо хуудсыг эргүүлэх зэргийг маш сайн сурсан байна. Тэд халбага, утас, сам зэрэг өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг зарим нэг хэрэгслүүдийг зөв зохистой хэрэглэж сурна. Төгс эзэмшээгүй ч ямар ч байсан юунд, ямар зорилгоор хэрэглэдгийг ойлгосон байдаг.

НОЙР
1 ой хүрээд хүүхэд өдөр унтах нь багасаж шөнө унтах цаг нь уртасдаг. Үдээс өмнө унтдаг цаг ард хоцорсон ч үдээс хойших унталт нь ихэнх хүүхдүүдийн хувьд чухал хэвээрээ үлддэг.

ХООЛЛОЛТ
Одоо хүүхэд тань ой хүрчихсэн учраас хүүхдийг хөхний сүү, хүүхдийн найруулдаг хуурай сүүнээс (формула) үнээний сүүнд шилжүүлж болохоор боллоо. Хүүхдийн тань тархины өсөлт хөгжилд нь нэмэлт өөх тос шаардлагатай болно. 3,5% тослогтой сүүнээс эхлэх нь зүйтэй. Хүүхдийг 2 ой хүртэл тослог багатай сүү өгөхөө азнаарай.

Та хүүхдээ эхийн сүүгээр хооллодог байсан бол одоо л хүүхдээ хөхнөөс гаргах цаг нь болжээ хэмээн бодох болсон байх. Хөхнөөс аажим аажмаар гарах нь эх хүүхэд хоёрт хоёуланд нь илүү амар байдаг ба шөнө эхийн сүүгээр хооллох явдлыг зогсоох нь хамгийн сүүлийн үе шат болдог. Орой унтахынх нь өмнө хүүхдээ эхийн сүүгээр хооллохын оронд аяга сүү, хөнгөн идэх зүйл өгч болно.

Хүүхэд бүхэл хоол хүнс хэрэглэдэг болсон учраас хүүхдээ хахахаас болгоомжлоорой. Усан үзмийг бүхлээр нь, зайдас, эрдэнэшиш зэрэг түүний хоолойд тээглэж болохуйц хүнснээс зайлсхийгээрэй. Хоол идэж байгаа үед нь хүүхдийнхээ дэргэд байхыг хичээгээрэй. Одоо та хүүхдэдээ найрлагад нь зөгийн бал орсон хоол хүнс өгч болно.

ХАРИЛЦАА, ХЭЛ ЯРИА
Хүүхдийн тань үгсийн сан баяжсаар. Хүүхдүүд нь “ээжээ”, “ааваа”, “үгүй” зэрэг үгнүүдийг өдөр тутамдаа хэрэглэдэг болсон ч байж магадгүй. 1 настай хүүхдүүд эцэг эхийнхээ яриаг дуурайх байдлаар хэл яриагаа хөгжүүлдэг.

Тэд илүү нийтэч болдог. Тэд эргэн тойрныхоо хүмүүсийн ярьж байгааг ойлгон, өөрсдийн сурсан мэдсэн шинэ үгсээ бусдын анхаарлыг татахын тулд ашиглаж эхэлнэ. Ой хүрсэн хүүхдүүд таны хэлсэн үгэнд нэг бол “үгүй” гэж хариулна, "үгүй" бол дургүйцлээ илэрхийлж аашилдаг болно. Энэ үед та тэвчээртэй тайван байж түүнийг ингэж аашилж болохгүйг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Харин үүнээс бусад үед хүүхдээ магтаж, урамшуулж байхаа мартуузай.

Хүүхэд бусад хүмүүстэй хандах хандлага нь өөрчлөгдөнө. Танихгүй хүмүүсийн дэргэд ичингүйрч эсвэл түгшсэн байдалтай болж, ээж рүүгээ улам ихээр наалдах болсныг та анзаарч байгаа байх. Одоо хүүхэд тань ойр дотныхоо хүмүүсээс холдох дургүй болсон байх ба энэ үед хүүхдээ орхин гарах тохиолдолд хүүхдэдээ заавал “ээж нь/аав нь удахгүй ирнэ ээ” хэмээн хэлж ойлгуулаарай.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх