fbpx

Эрүүл мэнд

image

Жирэмснийхээ сүүлийн гурван сарын турш бохир агаараар амьсгалсан эмэгтэйн хүүхэд аутизмтай төрөх магадлал хоёр дахин нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид жирэмсний сүүлийн саруудад жирэмсэн эмэгтэй агаар дахь нүдэнд харагдахгүй жижиг хатуу биетүүдийг амьсгалсны нөлөөгөөр аутизмтай хүүхэд төрөх эрсдэл давхар нэмэгддэг болохыг тогтоосон байна. Судалгааны үр дүнгээ Environmental Health Perspectives сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны үр дүнд аутизмтай хүүхэд төрөх шалтгааны нэг бол хүрээлэн буй орчин гэж тогтоогдсон байна. Аутизм нь нэг зүйлээ олон дахин давтан хийх, харилцах болон нийгэмшихдээ муу зэрэг шинж тэмдэг илрэх нэгэн төрлийн хөгжлийн эмгэг юм. 1989 онд эхэлж, америк даяар 100,000 сувилагч нарыг хамруулсан тус судалгааны ачаар судлаачид аутизмыг үүсгэх шалтгаан болоод түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг тогтооно хэмээн судалгааны багийн ахлагч Марк Вайсскопф хэлсэн байна.

“Бидний хийсэн судалгааны онцлог бол тус судалгааны үр дүнд хөдөлшгүй баримт гарч ирсэн нь бохир агаар нь аутизмтай хүүхэд төрөх шалтгаануудын нэг болох нь гарцаагүй гэж тогтоогдсон”

АНУ-д 68 хүүхдийн нэг нь аутизмтай төрдөг байна. Аутизмтай хүүхдэд ихэвчлэн 5 нас хүрэхээс нь өмнө зан байдлын өөрчлөлт илэрч эхэлдэг. Саяхны нэгэн судалгаагаар ураг хэвлийд байх явцад тархиных нь тодорхой эсүүдийн хэвийн хөгжил алдагдах нь аутизмтай болоход хүргэдэг гэж тогтоогдсон байна.

Судлаачид 1990 оноос 2002 онуудад төрсөн 1767 хүүхдийг судалгаандаа хамруулсан ба 245 нь аутизмтай гэсэн оноштой байсан байна. Марк Вайсскопфийн хэлснээр судалгааны загвар болон үр дүнгийн ачаар буруу дүгнэлтэд хүргэхүйц толгой эргүүлсэн олон тоо баримтууд хасагдсан байна.

Судлаачид мөн нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн байна. Эдгээр хүчин зүйлүүд нь агаарын бохирдолтой орчинд удаан хугацаанд байх нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, мөн хүүхэд аутизмтай гэж оношлогдоход үүрэг гүйцэтгэсэн эсэх зэргийг тооцоолон үзжээ.

Агаарын бохирдол нь зөвхөн жирэмсэн байх хугацаанд асуудал үүсгэдэг гэх баримт нь судалгааны үр дүнг улам бататгаж өгч байна. Учир нь бусад хүчин зүйлүүд нь эдгээр есөн сараас өмнө эсвэл дараа өөрчлөгдөх нь эргэлзээтэй хэмээн Маркк дурдсан юм.

Мөн түүнчлэн дээрх судалгаа нь тодорхой нарийн үр дүн гаргасан гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн юм. “Үнэндээ бол тодорхой нэг ген болон орчны нөлөө хоёр хоёул байх ёстой. Зарим урагт аль хэдийн аутизмын хүрээний эмгэг сул илэрсэн ген байдаг гэж би таамаглаж байна. Тус генд хүрээлэн буй орчин нөлөөлсөн тохиолдолд л аутизм үүсэх нөхцөл бүрддэг” хэмээн дээрх судалгаанд оролцоогүй Чарис Энг дурджээ. Хэрэв урагт тэр орчинд өртөмтгий, тодорхой ген байхгүй бол хүрээлэн буй орчин түүнд бараг эсвэл ер нөлөөлөхгүй гэж тэрээр онцолсон юм.

Марк Вайскопфийн хэлснээр агаарын бохирдол урагт хүрснээр үрэвслийн эсрэг дархлааны хариу урвал илэрдэг гэнэ. Түүний баг эдгээр биологийн үйл явцуудын зам мөрийг болон аутизмтай хүүхдүүдийг судалж, энэхүү биологийн үйл явцуудад ямар нэг гажиг илэрч байгаа үгүйг шалгаж байна. Тэрээр аутизмын эмгэгийг үүсгэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг ба агаарын бохирдлоос болж үүсэх эрсдэл нь өчүүхэн бага байж болохыг онцолсон юм.

Бохир агаар дахь жижиг хатуу биетүүд нь автомашины утаа, цахилгаан станц, үйлдвэр зэргийн утаанаас ялгардаг бөгөөд жирэмсэн эмэгтэйг аль болох агаарын бохирдол ихтэй том хотууд руу аялахгүй байх, автомашингүй газар дасгал хөдөлгөөн хийхийг ноён Вайскопф зөвлөсөн байна.

Эх сурвалж: www.bloomberg.com

X
Нэвтрэх