fbpx

Хүүхдийн хөгжил

image

Манай хүүхэд гиперактив юм болов уу? Магадгүй би ч бас өөрөөсөө ингэж асуусан байх. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааны нэг нь хөдөлгөөнтэй хүүхэд л харагдвал хэт хөдөлгөөнтэй, дэндүү сахилгагүй, "өтсөн мэт хөдөлгөөнтэй хүүхэд" гэсэн нэр хоч зүүдэг. Хэт хөдөлгөөнтэй, тогтож чадахгүй байдаг нь нэг төрлийн өвчин гэдгийг ойлгоорой. Хэрвээ  танай гэр бүл хэт хөдөлгөөнтэй хүүхэдтэй бол түүнийг байгаагаар нь ойлгон хүлээж авах нь эцэг эхчүүд, болон хүрээлэн буй ойр дотны хүмүүсийн үүрэг гэдгийг бүү мартаарай. Хэт хөдөлгөөнтэй хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалттай сургалтын үйл ажиллагаа болон эмийн эмчилгээний явцад илааршуулах боломжтой.

Хэт хөдөлгөөнтэй хүүхэд мөн эсэхийг таньж болох гурван онцлог бий. Үүнд:

ДЭНДҮҮ ХӨДӨЛГӨӨНТЭЙ

Гиперактив хүүхэд маш хөдөлгөөнтэй байдаг. Ийм хүүхэд үеийнхнээсээ илүү, насандаа ахадсан хурц, хурдан хөдөлгөөнтэй, "оргилсон" эрч хүч, энергитэй байдаг. Тэд тийм ч амархан ядардаггүй. Нэг доороо удаан суудаггүй. Суулаа ч гэсэн заавал ямар нэгэн зүйлээр оролдож байдаг. Гар, хөл нь ямагт л хөдөлгөөнтэй байх ба тэд огт зүгээр суудаггүй. Гэхдээ дахин сануулж хэлэхэд хөдөлгөөнтэй хүүхэд бүр гиперактив биш гэдгийг мартаж болохгүй.

АНХААРАЛГҮЙ БАЙДАЛ

Гиперактив хүүхдийн аливаад тогтон анхаарах хугацаа, ямар нэгэн зүйлд анхаарал хандуулах чадвар үеийнхэнтэй нь харьцуулахад муу байдаг. Тэдний анхаарал төвлөрч тогтдоггүй. Тэдний хувьд төвлөрөх гэдэг нь "зовлон" байдаг. Хичээл давтах, бусдыг анхааран сонсох, ном унших эсвэл өөр ямар нэгэн суух ажилд удаан төвлөрч чаддаггүй. Ийм учраас гиперактив хүүхдийг удаан хугацаагаар суулгаж хичээл хийлгэх нь үр дүн багатайгаас гадна хүүхдэд зовиуртай хэцүү байдаг.

ӨӨРИЙГӨӨ УДИРДАЖ ЧАДДАГГҮЙ

Гиперактив хүүхдүүд өөрсдийгөө удирдах гэж нэлээд зовдог. Санаанд нь орсон зүйлээ үр дүнг нь бодолгүй шууд хийж, шууд л хариу үйлдэл үзүүлдэг. Гартаа байгаа зүйлээ гэнэт шиднэ, яагаад ингэснийг нь асуухад тоймтой хариулт өгч чаддаггүй. Өөрийгөө хянаж чаддаггүйгээсээ болоод өөртөө болон бусдад хор учруулдаг.

Гиперактив хүүхдэд дээрх гурван онцлог шинж байдал илэрнэ. Эдгээрээс аль нэг нь давамгайлдаг, эсвэл магадгүй хоёр нь ч давамгайлж болох юм. Гурвуулаа ч зэрэг байх нь бий. Ийм хүүхдийг "сахилгагүй, дүрсгүй" гэж нэрлэх нь зохисгүй. Хэрэв таны хүүхдэд ийм онцлог ажиглагдаж байвал мэргэжлийн эмч мэргэжилтэнд хандаарай.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх