fbpx

Хүмүүжил

image

Сургууль, цэцэрлэг амарсан энэ улиралд хүүхдүүд хараа хяналтгүйгээр элдэв мэдээлэл дунд байдаг. Энэ хугацаанд хүүхдэд маш ноцтой өөрчлөлт гарч мэдэх юм шүү. Уг асуудлыг шийдэх арга замыг мэргэжилтнүүд судалсаар байгаа бөгөөд одоогоор хамгийн дөхөм аргыг эрдэмтэд санал болгосныг танд хүргэж байна.

Эцэг эхчүүд гэртээ сайхан боломж бүрдүүлж цаг гаргаад ч хүүхдээ гаднын элдэв сөрөг нөлөөг багасгах боломж хомс болсоор байгаа ажээ.

Одоо бүр 2-4 настай хүүхэд гар утас, телевиз, суурин компьютерээр юу үзмээр байна, түүнийгээ чөлөөтэй үзэж зугаацаж байна.

Хүүхэд ямар мэдээллийг ихэвчлэн авч байгаа тухай асуудлыг хянах нь эцэг эхчүүдийн үүрэг боловч видео болон цахим хэрэгслүүдээс хүүхэд харгис хэрцгий, өрөвч бус сэтгэл, дээрэлхүү зан, дайсагнах үзлийг авсаар байна.

Эрдэмтэд энэ нөлөөллийг бууруулахад эцэг эх юу хийх ёстой болохыг тодорхойлсон байна. Үүнд:

  • Хүүхдийнхээ найз нөхдийг сайн мэддэг байж, сургуульд ихэнх цагаа хэнтэй өнгөрөөж байгаа вэ? Сургууль дээр нь хор уршигтай, сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц мэдээлэл өгдөг найз нөхөр байна уу, эсвэл ийм нөлөөтэй найз нөхдийнх нь ах, эгч байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Юуны өмнө хүүхдийнхээ найз нөхдийн эцэг эхтэй нь зөвлөлдөж болох юм. Боломжгүй бол аль болох яг тантай ижлээр хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөнд эмзэглэж явдаг эцэг эхчүүдтэй уулзан ярилцаж, тэдний хүүхэдтэй нөхөрлүүлэх арга бодож олох нь зүйтэй. Зургаан настай хүүхэд бол аль хэдийнэ онлайн мэдээлэл, үгүйдээ л байнга хүүхэлдэйн кино үзэж байгаа.
  • Хүүхдийнхээ сонирхон үзэж байгаа аливаа мэдээлэл, материалуудыг хэр зэрэг хүчтэй нөлөө үзүүлэх боломжтойг шинжлэн тогтоо. Мөн та өөрөө үзэхээр сонгож байгаа видео, кино зэргийг гэртээ авчрахын өмнө ямар агуулгатайг нь шалгаж байх хэрэгтэй. Аль болох хүүхдэд аюулгүй, хэрэгтэй, хөгжих боловсроход тус дэмтэй материалуудыг авчирч цуглуулж байх хэрэгтэй.
  • Мэдээ, материалыг үзүүлэх, үзэхийн өмнө нь магадлан шалгаж байх хэрэгтэй. Томчууд та нарт хүүхэдтэйгээ кино, видео үзэж байтал гэнэтийн “бэлэг”-тэй тулгарах хэцүү байдаг биз дээ? Хүүхдэд тоглох тоглоом татаж өгч байгаа бол эхлээд өөрөө бүх зааврыг уншиж, сайтар танилцах нь зүйтэй. Хүүхдийн чинь нас, сэтгэхүйд тохирсон тийм тоглоомыг татах хэрэгтэй. Ямар ч олон төрлийн компьютер тоглоом ороод үзэхэд жирийн байж болох мэт санагдавч цаанаа олон далд санаа агуулсан байх нь цөөнгүй.
  • Бусад эцэг эх мөн адил өөрийн хүүхдийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөнөөс аврахыг хүсдэгийг мартаж болохгүй. Тэдэнтэй тав зургаахан настай хүүхдийн эрхэнд орж, аяыг нь дагуулж гар утас, телевиз, компьютерийн өмнө хэчнээн ч хамаагүй суулгаад байж болох эсэх тухай ярилцаарай.
  • Хүүхдээ өөрийн найзууд, бусад хүүхэдтэй өөрийн дуртай эсвэл дургүй байгаа санаагаа бүрэн илэрхийлж, ойлголцож чаддаг байхад сургах хэрэгтэй. Зарим нэг гэр бүлд аймшигтай мэт санагдах мэдээлэл өөр гэр бүлд асуудалгүй мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Хүүхдээ бусдыг хэт даган дуурайхгүй, бие даан дүгнэлт хийж сурахад суралцуул. Энэ туха бусад эцэг эх ч мөн ижилхэн шаардлага тавьдаг байх боломж олгох санал гарга. Судалгаанд харуулснаар утас, дэлгэц ширтэх цагийг бууруулж чадсанаар хүүхэд бүтэн нойртой унтах болсон, хичээлдээ сайжирсан, биеийн жингийн нэмэгдэл буурсан гэх мэт маш олон сайн талтай болохыг тогтоосон байна. Ийм цагийг бууруулснаас хүүхэдтэйгээ гадуур зугаалах, хамт ном унших зэрэг эцэг эх хүүхэдтэйгээ хамт байх цагийг нэмж, харилцааг сайжруулдаг гэдгийг нэгэнт тогтоожээ.
  • Хүүхэд танаас ямар нэг зүйл авч өгөх, ашиглах, үзэх талаар гуйж байгаа бол та “үгүй” гэж хариулахаас эмээж, хүүхдээ гомдоочих болов уу гэж бодохоо азна! Яагаад болохгүй гэж байгаагаа сайтар тайлбарлаж өг, ойлгуул. Хүүхэд томчуудаас ялгаатай нь ойлгосон зүйлээ давтахыг хүсдэггүй.

Нөгөө талаар мэдээллийн хэрэгслийг өөр бусад хөгжил, боловсролын эерэг нөлөө үзүүлэхүйц олон талт арга хэлбэрээр ашиглаж болох талтайг мартаж болохгүй. Хүүхэд өнөөдөр яг юунд өөрийн ихэнх цагийг өнгөрөөж байгаа нь түүний оюун санаа, бие бялдар, сэтгэцийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байгаад асуудлын гол нь оршиж байна.

Эцэст нь дурдахад хүүхдээ биеийн жингийн илүүдэл, сурах арга барилын алдагдал, харгис хэрцгий үйлдэл хийх зэрэг өөрчлөлтийг бууруулах, арилгахын төлөө юуны өмнө 0-2 насны хүүхдэд зурагт үзэх, гар утсаар тоглохыг эрс хоригло. Харин 3-6 насны хүүхдэд 1-2 цагаас илүүгээр зурагт үзүүлэхгүйн дээр гар утсаар тоглохыг хориглоорой.

Хүүхдээ хэрхэн сургах талаар Америкийн Хүүхдийн эмч нарын академиас санал болгосон аргуудаас дурдвал:

  • Эргэх холбоотой, оролцсон, урамшуулсан харилцаатай байх,
  • Хэл ярианы баялаг агуулга бүхий яриа сонсгож өсгөх,
  • Өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлийг танин мэдэх, оролдож, ойлгож өсөх бүрэн боломжтой байлгах,
  • Тоглох явцдаа бүтээж, чөлөөтэй сэтгэх боломж нөхцөлөөр хангах,
  • Насанд хүрэгчдээс заавар, зөвлөгөө авах боломжтой байх аливаа зүйлийн бүтцийн талаар ойлголт авч, сонсож, дагаж суралцах боломжийг хязгаарлахгүй байх,
  • Хүүхдээ урмын үг, энэрэл, хайраар тойрон хүрээл.

 

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан /Аав, ээжийн ном/

X
Нэвтрэх