Хүүхдийн нэг өдрийн хөтөлбөр, хуваарийг бэлтгэхдээ тухайн хүүхдийн нас, хэрэгцээнд нь тохируулж буюу хүүхэдтэйгээ ярилцаж хамтарч бэлтгэнэ. Мөн хүүхдийнхээ болон гэр бүлийн бүх гишүүдийн нүдэнд харагдахуйц ил газар өлгөж тавина. Ингэснээр хүүхэд бага наснаасаа эхлэн хэдэн цагт юу хийх, юу идэх, унтах гэх зэрэг өдөр тутмын үүрэг хариуцлагаа ухамсарлах бөгөөд энэ нь хүүхдийн төлөвшилд ихээхэн нөлөөлдөг байна.
Хүүхдийг унтахаас өмнөх хугацаанд тайвшруулах хөдөлгөөн хийлгэснээр унтах нь саадгүй болдог бөгөөд эсрэгээрээ их хөдөлгөөнтэй үйлдлүүд хийх тохиолдолд нойр нь хулждаг. Унтлагын хувцас өмсөх, шүд угаах, үлгэр уншиж өгөх гэх зэрэг үйлдлүүд нь унтах цаг болсон гэдэг дохио болдог. Хүүхдийн унтах хугацаа хүүхэд томрох тусам багасна.
- 2 настай хүүхэд – 12 цаг
- 4 настай хүүхэд – 11,5 цаг
- 6 настай хүүхэд – 9,5 цаг унтдаг бөгөөд насанд нь тохируулан унтах хуваарийг гаргана.
Гэр бүлээрээ хамт суун хооллох цагийг тооцоолон хүүхдийн хооллох хуваарийг гаргана. Үүнээс гадна хүүхдээр насанд нь тохирсон ажил хийлгүүлж болно. 3-6 насны хүүхдүүдэд хоолны ширээ засахад туслах, тоглоомуудаа хураах, хиртэй хувцаснуудаа ялгах гэх зэрэг энгийн үүрэг гүйцэтгүүлж болно.
Тоглох цагийг унтах цагаас бусад үед хуваарилахад анхаарна. Тоглох нь хэл яриа, оюун ухаан, нийгмийн чадвар ба гар хөлийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой байдаг учир хүүхдүүдтэй тоглох цаг хангалттай байгаа эсэхэд анхаарна уу.
Зөвлөх: н.Төртогтох
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш