fbpx

Боловсрол

image

Залуус ихэнхдээ гэр бүл төлөвлөлт гэдэг үгийг сонсоод найз залуутай/бүсгүйтэй болсон эсвэл гэрлэх хүнээ олсны дараа л бодолцож үзэх хэрэгтэй асуудал хэмээн хойш тавьдаг.

Гэр бүл төлөвлөлтийн нарийн төлөвлөгөөтэй байх нь ирээдүйнхээ гэр бүлийн үндэс суурийг бат бөх тавих  маш  чухал асуудал юм. "За болох л байлгүй дээ" гэж бодох нь эрсдэлтэй алхамд хүргэдэг. Хүсээгүй зүйлсийн дийлэнх хор уршиг нь эмэгтэйчүүдэд илүү тулгарч бие, сэтгэлзүйн хохирлыг маш ихээр амсдаг.

Эрүүл мэнд,  амьдралын байдалдаа тохируулан төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмсэлж, хүссэн үедээ хүүхэд төрүүлэхийг ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТгэнэ. Та хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ шийдэх эрхтэй. Гэр бүл төлөвлөлт Эх хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй сонголт “Хэт эрт биш, хэт орой биш, хэт ойрхон биш” байх хэрэгтэй ажээ.

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЯАЖ ХИЙХ ВЭ? 

-Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өг. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолоорой.
-Хамгийн оройдоо 25 насандаа хүүхдийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлсон байх
-Хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг яг одоо үүсгээрэй
-Хүүхэдтэй болсны дараах амьдралыг яаж төсөөлж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа бие биедээ сайн хуваалц. Саад бэрхшээлүүдийг та хоёр яаж хэрхэн давах тухай ярилцаарай.

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ЯМАР АШИГТАЙ ВЭ? 

•    Эхийн эрүүл мэндэд тустай
•    Эх болоход биеийн болон сэтгэл санааны бэлтгэлтэй болно
•    Амь насанд аюул учруулж болох жирэмслэлтээс сэргийлнэ
•    Төрөлт хоорондын зайгаа зохицуулснаар өмнөх жирэмслэлтээр алдсан хүчээ нөхнө
•    Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал
•    Бүсгүй та хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс  урьдчилан сэргийлэх
•    Гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх
•    Гэр бүлийн бат бөх үндэс суурийг бэлдэх
•    Түр зуурын сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргахаас сэргийлэх ач холбогдолтой байна.

“Салалтын ерөнхий шалтгаан нь хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, гэр бүлээс гадуурх харилцаа, эдийн засгийн мөлжлөг, гэр бүлд  гүйцэтгэх хосын үүрэг, эрх мэдлийн тэнцвэргүй байдал, хэт залуугаараа бие хүн болж төлөвшөөгүй насандаа амьдрал эхлүүлэх гэх мэт асуудлаас салалт нэмэгдэж байна. Гэр бүлээ зөв хугацаанд тохирох хүнтэйгээ төлөвлөх шаардлагатай.

Залуу хосууд амьдрал болон нийгмийн баталгаагаа бүрэн тооцоогүйн улмаас салж нийлэх тохиолдол байна. Тухайлбал амьдрах байр, нөхцөл байдлаа гэрлэлтдээ тооцохгүй байна. Залуу хосууд “Чи, бид хоёр байхад болно гэсэн” итгэл сэтгэлээр тэмүүлэн амьдарч байгаа нь бодит байдалд нийцэхгүй болоод байна. Материаллаг эд зүйлс залуу гэр бүлийн хэвийн харилцаанд нөлөөлдөг зүйлсийн нэг бөгөөд салах шалтгаан нь ч болж байна. Залуу гэр бүл өөрсдийн цаашдын хамтын зорилгоо тодорхойлбол удаан хугацаанд хамтдаа байх бүрэн боломжтой”  гэдгийг  Сэтгэл зүйч Б.Баярцэнгэл  хэлж байна.

Гэр бүл салалтын хохирогч нь үр хүүхэд байдаг. Эцэг эхийн хайр дутуу, гэр бүлийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь хүүхдийн сэтгэл санаанд болон биеийн өсөлтөд ч өөрчлөлт ордог гэдгийг мэргэжлийн эмч нар болон сэтгэл зүйчид хэлж байгаа юм.

Амгалан тайван гэр бүлийн аз жаргал өөрөө ирдэг гэж үг байдаг. Уур уцаараа урьтал болгохоосоо өмнө бие биедээ хүлээцтэй хандаж, нэг нэгнээ ойлгохыг хичээж, эхнэртэйгээ, нөхөртэйгөө, хүүхэдтэйгээ ярилцаарай.

Гэр бүл- нэг ээж аав
Гэр бүл- баяр хөөртэй инээд юм
Гэр бүл- бага насны үе шатууд юм
Гэр бүл- бүх амьдралын зам

Х.Нямжаргал

X
Нэвтрэх