fbpx

Ээж, аавуудад

image

Тухайн хүүхдийн зан төлөв түүнийг сургуульд сурахад бэлэн болсон эсэхийг тодорхойлоход гол нөлөө үзүүлдэг ажээ.

Зарим хүүхэд шинэ соргог, сонирхолтой, сайхан гэж үзэж, шинэ хэмнэлд амархан дасаж, шинэ найзуудтай болохдоо баяртай байдаг. Гэтэл зарим нь сургуулийн шинэ орчинг маш хүндээр хүлээн авч, шинэ хэмнэлд маш удаан дасаж, шинэ найзуудтай болохыг ч хүсдэггүй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан төлөвийг зөв тодорхойлж, түүнийг байгаагаар нь хүлээн авч, хувь хүний онцлогийг нь хүндэтгэн үзэх нь тун чухал.

Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдийг томоотой болгох, эсвэл эрхлэнгүй, хүлцэнгүй хүүхдийг зоригтой, чанга болгох гэж оролдох нь бүтэшгүй зүйл юм.

Гэхдээ бид хүүхдийнхээ давуу талыг тодорхойлж, түүн дээр нь тулгуурлан төлөвшүүлж болох юм. Түүнчлэн хүүхэд бүрийн онцлог, хүндрэлтэй талыг олж харан, түүнийг бүрэн дүүрэн хөгжүүлэх таатай дэмжих орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эцэг эх ба хүүхдийн харилцаанд тэдний зан төлөвийн байдал, харилцан зохицол чухал нөлөөтэй.

Хөдөлгөөний эрчим багатай ээж байна гэж бодъё. Тэр гэртээ байх, ном унших, намуухан ая сонсох дуртай. Тэгвэл энэ ээж хүүхдээ өөрөөс нь илүү идэвхтэй, сэргэлэн цовоо хүүхэдтэй байвал яах талаар бодоцгооё. Тэр хүүхдийг гадаа гаргахгүй, бас чимээгүй суу гээд байвал юу болох вэ?

Энэ ээж хүүхдийнхээ онцлогийг ойлгосон тохиолдолд хүүхдэдээ тавих шаардлагаа өөрчилж, хүүхдийнхээ зан төлөв, хөдөлгөөний эрчимд нийцэх арга замыг эрэлхийлэх болно.  Хэрвээ тэр хүүхдийн биеэ авч яваа байдал зан төлөвтэй нь холбоотой гэдгийг ойлгож чадаагүй бол хүүхдээ буруу дүгнэнэ.

Иймд эцэг эхчүүд өөрсдийн зан төлөвийн тухай бодож, өөрийгөө хүүхдийнхээ зан төлөвтэй хэрхэн зохицдог талаар эргэцүүлэх нь зүйтэй юм. Ингэснээр бид гэр бүл дэх олон маргаан зөрчлийн учир шалтгааныг мэдэх болно.

Эх сурвалж: "Хүмүүжлийн эерэг аргууд"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх