fbpx

Эрүүл мэнд

image

2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлтийн улмаас 0-5 насны 2525 хүүхэд яаралтай түргэн тусламж авчээ. Энэ нь нийт тусламж авсан хүмүүсийн 62.2 хувь юм.

Мөн осол гэмтлийн улмаас амиа алдсан арван хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай байна. Түлэгдлийн ихэнх тохиолдол нь ахуйн нөхцөлд буюу гэрт болдог бөгөөд гол төлөв баасан гарагт, 12, 19-20 цагийн үед байдаг аж. Бага насны хүүхэд түлэгдэж бие махбод, сэтгэл санаагаар хохирч улмаар амиа алдаж байгаа нь эцэг эхийн хариуцлагатай салшгүй холбоотой.

ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахаас хүүхдийн түлэгдэлтэй холбоотой эцэг эхчүүд ямар арга хэмжээг яаралтай авах талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн түлэгдэл, түүнээс шалтгаалсан нас баралт буурахгүй байгаа талаар ярьж байна. Танай тасаг хэчнээн ортойгоор үйл ажиллагаа явуулж байна вэ? Яг өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол?
-Түлэнхийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлэг 2012 оноос ГССҮТ-ийн нэг тасаг болж, 80 ортой үйл ажиллагаа явуулж байна. Манайд гаднын нөлөөлөл буюу түлэгдсэн, хөлдсөн өвчтөнүүд хэвтэн эмчлүүлдэг.

Нэг талаасаа түлэнхийн тасаг нэртэй боловч улсын хэмжээнд арьс зөөлөн эдийн гэмтэл болон бусад шалтгаант зөөлөн эдийн шарх, шархлааг хүлээн авч эмчилдэг. Тэгэхээр улирал хамаарахгүй ачаалалтай ажилладаг. Манай тасгийн ачаалал сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна.

Түлэгдэлт бол заавал өвдөх ёстой өвчин бол биш. Урьдчилан сэргийлэх боломжтой. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хүүхдэдээ анхаарал сул тавьж байгаатай шууд холбоотой. Түлэгдэж ирж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Тэр дундаа 1-3 насныхан нь нийт ирж буй хүүхдийн 85 хувийг эзэлдэг. Энэ насныхан орчноо төдийлэн таньж мэдээгүй, хөлд орохоос эхлээд ид хөдөлгөөнтэй байдаг. Нөгөөтэйгүүр орчны аюулгүй байдлыг мэдэхгүй, аль нь халуун, хүйтэн, аюултай эсэхийг ялгаж чаддаггүй. Ийм үедээ хүүхдүүд маш ихээр түлэгдэж байна. Ингээд маш их хэмжээний шарх сорвитой, тахир дутуу, бүр цаашлаад амь нас нь эрсдэх тохиолдол маш их гарч байна. Энэ нь жилээс жилд ихсэх хандлагатай байна.

-Түлэгдэж буй шалтгаан нь ихэвчлэн юу байх вэ?
-Түлэгдэж буй шалтгааны 80 хувь нь халуун хоол, цай, халуун шингэн зүйлс байдаг. Түлэгдсэн хүүхдийн 90 хувь нь гэртээ буюу ахуйн нөхцөлд түлэгдэж байна. Мөн түлэгдэж ирж буй хүүхдүүдийн 90 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоо бий. Тэгэхээр бидний амьдарч буй орчин маш аюултай, хүүхдэд ээлгүй байна. Халуун хоол цай, шингэн зүйлс хүүхэд очиж татахаар, дотор нь орж унахаар аюулгүй байдлыг хангаагүй байдалтай байна.

-Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд бие махбодоороо хохирч байна гэж хэлж болох нь ээ.
-Түлэгдэлтээс болж хэдэн жилийн дараа Монголын нийгэм сэтгэл санаа болон бие махбодын хувьд эмзэгшсэн нэг хэсэг хүүхдүүдтэй болох нь. Түлэгдсэн хүүхдүүд бие махбодын хувьд өвчин шаналал мэдрэхээс гадна гоо сайхнаа алдаж байгаа учраас сэтгэлзүйн хувьд өөртөө итгэлгүй болно. Өөрөөр хэлбэл, түлэгдэлд хүүхдийн биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулах, түлэгдэхээс сэргийлэх чухал шаардлагатай байна.

-Анхны тусламж ямар байх ёстой вэ. Эцэг эхчүүд анхны тусламжийн буруу авснаас эргээд хүндрэл учирдаг уу?
-Анхны тусламж их чухал. Эмнэлэг хүрэх, эмнэлэг доторх гээд олон янз. Дээр нь эмнэлгийн мэргэжлийн хүн үзүүлж байгаа эсэхээс ч бас хамаарна. Эцэг эхчүүд анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг байхгүй гэж хэлж болно. Ихэвчлэн ам дамжсан яриагаар эмнэлгийн бус, хэрэглэж болохгүй зүйлсийг маш их хэмжээгээр хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор эргээд шархны эдгэрэлт удаашрах, шарх гүнзгийрэх, хордлогод оруулах, өвдөлт зовиурыг нэмэгдүүлэх шалтгаан болдог. Энэ нь эргээд эмчилгээнд сөрөг нөлөөтэй.

Хүүхэд шингэн зүйлд түлэгдсэн бол хамгийн түрүүнд түлэгдсэн хэсгийн хувцсыг тайлна. Хүмүүс сандарч байгаад хувцсыг нь тайлдаггүй. Энэ нь нүдэнд ил харагдахгүй боловч түлэгдэл үүсгэж буй хүчин зүйл үйлчилж, улам гүнзгий түлээд байна гэсэн үг. Түлэгдэж буй процессыг зогсоож, хувцсыг тайлах ёстой. Дараа нь хөргөх ёстой. Үүнийг ард иргэд маань их буруу ойлгоод байдаг. Тасалгааны температуртай урсгал усанд 5-20 минут түлэгдсэн хэсгийг барих ёстой. Түлэгдсэн хэсгийг усанд барьснаар өвдөлт намдааж, түлэгдэж буй явцыг зогсоох үр дүнтэй. Гэтэл эцэг эхчүүд усны онгоцонд ус дүүргээд хүүхдээ суулгах, саванд ус хийж гар, хөлийг нь барих, даавуунд ус шингээж тавих гэх мэт арга хэмжээ авдаг. Энэ нь эргээд хүүхдийг дааруулах, ханиад хатгалгаагаар өвчлүүлэх бүр цаашлаад осголтод оруулах сөрөг үр нөлөөтэй.

Үүний дараагаар ариун боолт хийх боломжтой бол хийгээд түлэгдэлтийн хэмжээнээс үл хамаараад эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмч гэрээр эмчлэх боломжтой эсвэл эмнэлгийн байгууллагаар үзүүлэх гэдгийг шийднэ. Тиймээс заавал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Эцэг эхчүүд гэрээр буруу эмчилснээс хүндрүүлэх тохиолдол их байна. Дахин хэлэхэд, түлэгдэж буй процессыг зогсоолоо, түлэгдсэн хэсгийн хувцсыг тайлна, урсгал усанд барина, ариун боолт хийгээд эмнэлэгт хандана. Урсгал усанд барь гэдэг нь нэг талаараа халдвар дамжих боломжийг хааж байгаа юм.

Сэтгүүлч: Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх